XLOOKUP функцийн боломж буюу алдааны залруулга

Зиак өдрийн мэнд залуучууд. Нэгэнт шинэ функцийн талаар танилцуулаад эхэлсэн юм чинь тэр функцийнхээ боломжуудын талаар ойрын хугацаанд нийтлэлүүд бичихээр шийдлээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр XLOOKUP функцийн хэрэглээний талаар өөр нэгэн боломжийг жишээ ашиглан та бүхэндээ танилцуулая. Энэ бол алдааны залруулагыг XLOOKUP функц дээр хэрхэн хийж болох тухай техникийн зөвлөмж юм. Алдааны залруулга гэдэг нь бидний бичсэн томъёоны үр дүн ямар нэгэн алдаа заасан нөхцөлд тухайн алдааны оронд ямар хариу гаргах бэ гэдгийг тохируулдаг аргачлал юм. За ингээд гол асуудалдаа орцгооё.

Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна. Энэхүү мэдээллийг бид өмнөх нийтлэлдээ ашиглаж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Энэхүү жишээн дээр Алтанцэцэг нэртэй оюутны сурлагын үнэлгээг VLOOKUP болон XLOOKUP функцүүд ашиглаж тодорхойлж, тэдгээрийн ялгааг тайлбарласан билээ. Энэ талаар та бүхэн дээрх зурагнаас харж болно. Тэгвэл одоо дээрх мэдээллийн сангаас БАТБААТАР нэртэй оюутны үнэлгээг тодорхойлоё. Үүний тулд E2 болон E4 нүдэнд БАТБААТАР гэсэн нэрийг бичиж оруулна. Ингээд гарсан үр дүнг сонирхоё.

Үр дүн #N/A алдааг зааж байна. Учир нь бидэнд өгөгдсөн мэдээллийн санд БАТБААТАР гэсэн нэртэй оюутан байхгүй болно. Бид өмнө VLOOKUP функцийг ашиглаж байх үед тус функцийн үр дүн алдаа заасан нөхцөлд IFERROR функцээр алдааг залруулдаг. Тодруулбал хэрэв VLOOKUP функцийн үр дүн #N/A гэсэн алдаа заавал “Мэдээлэл олдсонгүй” гэсэн утга авна гэж IFERROR функц дээр тодорхойлж өгдөг. Та бүхэн заавал “Мэдээлэл олдсонгүй” гэсэн утга авна гэж ойлгож болохгүй шүү. Та өөрийн хүссэн утга оруулж өгч болдог. Үүнийг бид дараах байдлаар томъёолж өгдөг.

=IFERROR(VLOOKUP(E2,A1:C18,2,FALSE),”Мэдээлэл олдсонгүй”)

VLOOKUP функцээр хайлт хийж байх үед алдаа заасан нөхцөлд IFERROR функцээр алдааг залруулж байна. Өөрөөр хэлбэл алдааны асуудлыг шийдэх гэж бид хоёр функц ашиглаж байгааг та бүхэн харлаа.

Одоо тэгвэл XLOOKUP функц дээрх алдааны асуудлыг хэрхэн шийдэж байгааг та бүхэндээ тайлбарлая. XLOOKUP функцийн үр дүн F4 нүдэнд #N/A алдааг заасан байна. Та бүхэн дээрх зурагнаас харсан байх. Тэгвэл XLOOKUP функц нь өөртөө алдааны залруулга хийдэг аргументыг агуулж байна. Өөрөөр хэлбэл XLOOKUP функцийн 4 дэх аргумент нь хэрэв тус функц ямар нэгэн алдаа заавал ямар үр дүн гаргах бэ гэдгийг тохируулж өгдөг. Манай жишээний хувьд XLOOKUP функцийн үр дүн алдаа заасан нөхцөлд Мэдээлэл олдсонгүй гэсэн текстийг гаргаж өгөхөөр тохируулсан болно. Томъёоллыг доор бичиж үзүүлэв.

=XLOOKUP(E4,A1:A18,B1:B18,”Мэдээлэл олдсонгүй”)

XLOOKUP функцийн алдааны залруулга бүхий тохируулгатай томъёоны үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Зиак ингээд асуудал шийдэгдлээ. VLOOKUP функц алдааны асуудлыг хоёр функцийн хослолоор шийдэж байсан бол XLOOKUP функц алдааны асуудлыг дан ганцаар шийдэж байна. Энэ бол XLOOKUP функцийн нэг давуу тал юм. Мэдээлэл олдсонгүй гэсэн текстийн оронд ямар ч утга оруулж болно гэдгийг та бүхэн мартаж болохгүй. За амжилт хүсье та бүхэнд.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд