Зиак, Та бүхэнд амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө нийтлэлээр хоосон текст болон тоон дунд агуулагдах хоосон орон зай буюу Space-ийг хэрхэн арилгах тухай судлах болно. Манай нэгэн уншигч маань энэ асуудалтай нэлээдгүй хугацаанд тэмцэж байх шиг байна. Уул нь үндсэн гаргалгааг нь хэлж өгсөн юм. Тэгсэн ч гэсэн нэг л болохгүй байх шиг байна. Түүнд ямар асуудал тулгарсаныг би ерөнхийдөө гадарласан. Тийм болохоор асуудлыг хэрхэн шийдэх тухай нийтлэл бичихээр шийдсэн болно.
За юуны өмнө өгөгдсөн мэдээлэлтэйгээ танилцая. Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.
Бидэнд өгөгдсөн мэдээлэл ерөнхийдөө тоон төрлийн мэдээлэл байх шиг байна. Гэхдээ тоон төрлийн мэдээллийг томруулж харцагаая. За эндээс бүр тодорхой харагдаж байгаа байх. Өгөгдсөн мэдээлэл маань тоон мэдээлэл боловч мянганы таслалын оронд хоосон зай байрлаж байна. Мөн орны нарийвчлал нь таслал , тэмдэгээр илэрхийлэгдсэн байна.
Эндээс дүгнэхэд энэ бол цэвэр тоон төрлийн мэдээлэл биш юм. Өөрөөр хэлбэл текстээр илэрхийлсэн тоон хэлбэртэй мэдээлэл юм. Иймээс эдгээр мэдээллийг ашиглаж ямар нэгэн тооцоолол хийх боломжгүй юм. За тэгвэл энэ мэдээллийг яаж тоон хэлбэрт шилжүүлэх бэ гэсэн асуудал урган гарч байна. Энэ асуудлыг одоо хамтдаа шийдэцгээе.
Энэ асуудлыг шийдэх процесс маш амархан. Бид ганцхан SUBSTITUTE функцийг ашиглана. Уг функц нь текстэн дунд байгаа тухайн нэг тэмдэгтийг өөр нэгэн тэмдэгтээр солих зориулалт бүхий функц юм. Жишээлбэл бид өгөгдсөн тоон мэдээлэл дунд байгаа хоосон орон зай буюу Space-ийг хоосон мэдээллээр солино гэсэн үг юм.
” “ → “”
Дээрх асуудлыг одоо бүгдээрээ томъёолцогооё. Тодруулбал A1 нүдэнд байгаа утгын хоосон зайг хоосон утгаар сольё. Уг томъёоллыг F1:F18 мужид бичиж, үр дүнг сонирхоё.
=SUBSTITUTE(A1," ","")
Энд та бүхэн Хоосон зай, Хоосон утга гэсэн хоёр нэр томъёог ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шүү. Хоосон зай гэдэг нь Space-ийг хэлж байгаа болно. Өөрөөр хэлбэл текст хооронд байдаг зай. Хоосон утга гэдэг нь юу ч байхгүй утгыг илрэхийлж байгаа гэдгийг анхаарч ойлгоорой. Excel программд хоосон утга гэдгийг “” гэсэн тэмдэглэгээгээр илэрхийлдэг гэдгийг дашрамд дурдая.
Дээрх томъёоллын үр дүн яг хэвээрээ гарсан байна. Та бүхэн харж байгаа биз. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Яагаад бэ? гэж та бүхэн бодож байгаа байх. Учир нь бидний солих гэсэн ” “ хоосон зай маань тухайн текстэн дунд байгаа хоосон зайнаас ялгаатай болж таарлаа. Тиймээс одоо SUBSTITUTE томъёолол оруулсан хоосон зайг гараар үүсгэхгүйгээр A1 нүдэнд байгаа хоосон зайг хуулж авчиран томъёололд оруулая.
Одоо A1 нүднээс хуулж оруулсан хоосон зайгаар томъёоллыг ажиллуулж, үр дүнг сонирхоё. Үр дүнг дараах зурагт үзүүлэв. Зурагт үзүүлсэн үр дүн бол яг л бидний хүсэн хүлээсэн үр дүн юм.
Одоо та бүхэн дараах томъёоллыг ашиглаж, таслал гэсэн утгыг цэгээр солиорой. Үр дүнг СЭТГЭГДЭЛ хэсэгт зурган хэлбэрээр харуулаарай. Та бүхэнд амжилт хүсье.
=SUBSTITUTE(SUBSTITUTE(A1," ",""),",",".")
Сэтгэгдэл үлдээх
Ctrl+a хийж байгаад replace хийвэл надад хурдан санагдаад байдгийн