OFFSET функц

Дайн байлдаантай кино үзэж байхад цэргийн операторууд эсвэл холбоочингууд дайсны байршлыг уртраг өргөрөгийн солбилцолоор бөмбөгдөгч онгоц эсвэл их бууч нарт мэдээлдэг. Харин мэдээллийг авсан цэргүүд тухайн цэг дээр дайралтыг хийдэг. Иймэрхүү дүр зураг байлдаантай кино болгон дээр ажиглагддаг. Үүнийг ярьдаг учир нь үүнтэй төстэй MS Excel программын нэгэн функцийг танилцуулах зорилготой юм. Энэ бол Offset функц. MS Excel программын Offset функцийг Excel хэрэглэгч нар төдийлөн их хэрэглэдэггүй ч маш чухал функц гэдийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За ингээд гол асуудалдаа оръё.

MS Excel программын стандарт функцүүдийн нэг бол OFFSET функц юм.  Хэрэглээнд OFFSET функцийг 2 хэлбэрээр ашигладаг.

1. Өгөгдсөн цэг, өгөгдсөн координатуудыг ашиглан шаардлагатай нүдний утгыг тодорхойлох.

2. Өгөгдсөн цэг, өгөгдсөн координатуудыг ашиглан шаардлагатай мужийн утгуудад үйлдэл хийх.

Тус OFFSET функц нь дараах байдлаар бичигдэнэ. Үүнд:

=OFFSET(reference,rows,cols,height,width)

Энд:

Reference – Өгөгдсөн цэг буюу координатын эх.

rows – координатын эхээс доош эсвэл дээш шилжих мөрийн тоо. Өөрөөр хэлбэл rows-н утгыг 2 гэж өгвөл координатын эхээс доош 2 дахь мөрийн утга байна. Хэрэв -2 гэж өгвөл координатын эх дээшээ 2 дахь мөрийн утыг тодорхойлно.

cols – координатын эхээс баруун гар тийш эсвэл зүүн гар тийш шилжих баганын тоо. Өөрөөр хэлбэл cols-н утгыг 2 гэж өгвөл координатын эхээс баруун гар тийш 2 дахь баганын утга байна. Хэрэв -2 гэж өгвөл координатын зүүн гар тийш 2 дахь мөрийн утыг тодорхойлно.

height – Хэрэв Excel хэрэглэгч rows, cols цэгийн огтолцлол цэг дээрээс дахин муж үүсгэх бол height-т утга өгөх замаар мужийн өндөрийг зааж өгнө. Өөрөөр хэлбэл height-н утгыг 2 гэвэл огтолцлол цэгээс доош 1 мөрний утга байна. Учир нь огтолцол цэг нь өөрөө 1 гэсэн утгыг авна. Харин height-н утгыг -2 гэвэл огтолцлол цэгээс дээш 1 мөрний утга байна.  Offset-н функцийн height, width утгыг ашиглаж байгаа нөхцөлд эдгээрийн утгуудыг 0 гэж өгч болохгүй.

width – Хэрэв Excel хэрэглэгч rows, cols цэгийн огтолцлол цэг дээрээс дахин муж үүсгэх бол width-т мужийн өргөнийг зааж өгнө. Өөрөөр хэлбэл with-н утгыг 2 гэвэл огтолцлол цэгээс баруун гар тийш 1 баганын утга байна. Учир нь огтолцол цэг нь өөрөө 1 гэсэн утгыг авна. Харин width-н утгыг -2 гэвэл огтолцлол цэгээс зүүн гар тийш 1 баганын утга байна.  Offset-н функцийн height, width утгыг ашиглаж байгаа нөхцөлд эдгээрийн утгуудыг 0 гэж өгч болохгүй.

Мэдээж MS Excel программын OFFSET функцийг ойлгоход бага зэрэг төвөгтэй. Иймээс жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой байна байх.

Жишээ 1: Бидэнд MS Excel программын С8 нүдэнд “Өгөгдсөн цэг” гэсэн өгөгдсөн байна. Харин C4, C12 нүдэнд тус тус Тоочик_1, Тоочик_2 гэсэн утгууд өгөгджээ. Тэгвэл OFFSET функц ашиглан Тоочик_1 утгыг C2 нүдэнд, Тоочик хоёр нүдийг C14 нүдэнд харуулья. Эхлэл цэг С8 нүд байна.

С2 нүдэнд бичигдэх томьёо: =OFFSET(C8,-4,0)

С14 нүдэнд бичигдэх томьёо: =OFFSET(C8,4,0)

Жишээ 2: Бидэнд MS Excel программын С8 нүдэнд “Өгөгдсөн цэг” гэсэн өгөгдсөн байна. Харин B4, H4 нүдэнд тус тус Тоочик_1, Тоочик_2 гэсэн утгууд өгөгджээ. Тэгвэл OFFSET функц ашиглан Тоочик_1 утгыг B7 нүдэнд, Тоочик хоёр нүдийг H7 нүдэнд харуулья. Эхлэл цэг E4 нүд байна.

B7 нүдэнд бичигдэх томьёо: =OFFSET(E4,0,-3)

H7 нүдэнд бичигдэх томьёо: =OFFSET(E4,0,3)

Жишээ 3: Бидэнд MS Excel программын С6 нүдэнд “Өгөгдсөн цэг” гэсэн өгөгдсөн байна. Харин F10 нүдэнд тус тус Тоочик гэсэн утга өгөгджээ. Тэгвэл OFFSET функц ашиглан Тоочик утгыг B2 нүдэнд харуулья. Эхлэл цэг C6 нүд байна.

B2 нүдэнд бичигдэх томьёо: =OFFSET(C6,4,3)

Жишээ 4: Бидэнд MS Excel программын С6 нүдэнд “Өгөгдсөн цэг” гэсэн өгөгдсөн байна. Харин F10:H13 мужид тодорхой тоонууд өгөгдсөн ба эдгээр тооны нийлбэр нь 5,520 болно. Иймд OFFSET функцийг ашиглан B2 нүдэнд эдгээр тооны нийлбэрийг гаргана харуулья. Эхлэл цэг C6 нүд байна.

B2 нүдэнд бичигдэх томьёо: =SUM(OFFSET(C6,4,3,4,3))

Дээрх томьёонд бага зэрэг тайлбар хийе. Мэдээж мужтай ажиллаж байгаа тул нэг нүдэнд мужийн бүх утгыг харуулах боломжгүй. Иймээс мужтай ажиллах OFFSET функцийг ямар нэг алгебарын үйлдэл хийдэг /SUM, AVERAGE, COUNT гэх мэт/ функцтэй хослуулан ашигладаг.

Доорх жишээний хувьд өгөгдсөн цэг С6 гэсэн. Тиймээс OFFSET функцийн эхний 2 координат C6 цэгээс эхлэнэ. Өөрөөр хэлбэл rows-н утга 4 гэж өгөгсдөн байна. Тэгвэл C6 цэгээс доошоо 4 мөр шилжинэ. Харин cols-н утга 3 гэж өгөгдсөн тул өгөгдсөн цэгээс баруун гар тийш 3 багана шилжинэ.

Ингээд rows, cols-н утгуудийн огтолцол F10 нүд байна. За одоо 2 дахь координатыг ашиглая. Энэ бол тодорхойлсон цэгт эхтэй мужийг дахин үүсгэх явдал юм. Манай жишээн дээр height-н утгыг 4 гэж өгсөн тул тодорхойлсон цэг буюу F10 нүднээс доош 4 мөр шилжинэ. width-н утгыг 3 гэж өгсөн тул тодорхойлсон цэг F10-с баруун гар тийшэ 3 багана шилжих бөгөөд эдгээр шилжилтүүдийн огтолцлол дээр манай шинэ муж үүснэ. Өөрөөр хэлбэл F10:H13 муж юм.

За ингээд үүссэн шинэ муж дээр холбогдох үйлдлийг хийх нэмэлт функцийг OFFSET функцтэй хослуулан хэрэглэнэ.

Хэдийгээр OFFSET функц нь ойлгоход хэцүү, хэрэглээ нь тодорхойгүй, хэнд ч хэрэггүй мэт санагдаж байгаа боловч зарим төвөгтэй Excel загварчлал, томьёололд маш чухал үүрэгтэй оролцдог.

За ингээд та бүхэн энэ нийтлэлийг уншаад ойлгохгүй байгаа зүйлийг сэтгэгдэл хэсгээр дамжуулан асуух боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд