Hello XLOOKUP, Goodbye VLOOKUP

Зиак өдрийн мэнд залуучууд. Сайн муу хоёр мэдээтэй ирсээн. Сайн мэдээ, муу мэдээний алинаас нь эхлэх бэ? За сайнаас нь эхлэе. VLOOKUP-аас илүү хүчин чадалтай XLOOKUP хэмээх функц Excel программд орж иржээ. За муу мэдээ нь XLOOKUP функцээс болж VLOOKUP функц сэтгэл санаагаар их унаж байна 🙂 🙂 🙂 . Аргачгүй биз дээ. VLOOKUP функц олон жил та бидэнтэй ханилсан үнэнч туслахуудын маань нэг юм шүү дээ 🙂 🙂 🙂 . За за болъё, бүр амьд биет шиг ярьчихлаа, нулимас дусах нь xa xa xa. За энэ ч яахав зүгээр л JOKE байлаа. Тэгэхээр өнөөдрийнхөө нийтлэлээр юуны тухай ярих нь тодорхой боллоо. Энэ бол мэдээж XLOOKUP функцийн тухай, мөн түүний хэрэглээний талаар та бүхэндээ тайлбарлах болно. За ингээд гол асуудалдаа орцгооё.


XLOOKUP функц гэж юу бэ?

XLOOKUP функц нь хайлтын төрлийн функц бөгөөд VLOOKUP функцийн сайжруулсан хувилбар юм. Манай Excel хэрэглэгч нар VLOOKUP функцийг нэлээдгүй өргөн ашиглаж байгаа харагддаг. VLOOKUP функц нь ч гэсэн өөрөө хайлтын төрлийн функц дундаа өндөр хэрэглээтэй Excel программын супер функцүүдийн нэг БАЙСАН 🙂 🙂 🙂 . Яагаад БАЙСАН гээд өнгөрсөн цаг дор ярьж байна гэвэл одоо энэ байр сууриа XLOOKUP функцэд алдаж байх шиг байна. Учир нь XLOOKUP функц нь VLOOKUP функцийн бүхий л дутагдалтай талуудыг арилгаж, хайлт хийхэд тулгардаг олон асуудлыг шийдсэн функц болсон.

Гэхдээ VLOOKUP функц шууд ингээд хаягдана, гологдоно гэсэн үг биш юм. Учир нь XLOOKUP функц нь зөвхөн Excel 2021 хувилбарт агуулагдаж байгаа. Иймээс Excel программын өмнөх хувилбаруудад XLOOKUP функц байхгүй гэж ойлгож болно. Excel программын өмнөх хувилбаруудыг ашиглаж байгаа Exceler-үүд хүссэн хүсээгүй VLOOKUP функцтэйгээ зууралдах л болно.


XLOOKUP функцийг  гэж юу бэ?

XLOOKUP функцийг 2019 онд анхлан танилцуулагдсан. Гэхдээ хязгаарлагдмал хүрээнд. Тодруулбал Office365 хувилбарт, мөн Online Excel хувилбарт XLOOKUP функц байршиж эхэлсэн. Харин Application Excel-т Excel 2021 хувилбарт XLOOKUP функц байршсан. Ингэснээр XLOOKUP функц нь бүх нийтийн өргөн хэрэглэгддэг хэрэглээний функц болоход бэлэн болж байна гэсэн үг юм. Иймээс Excel хэрэглэгч та Excel 2021, Office 365, Online Excel ашиглаж байгаа бол XLOOKUP функцийг ашиглах боломжтой юм. Хэрэв та Excel 2021 хувилбарыг сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоорой. Бидэнтэй холбогдох утас 8888-0946 билээ.


XLOOKUP функцийн боломжууд

XLOOKUP функц нь Excel программ дээр хайлт хийхэд тулгардаг нэлээдгүй олон асуудлыг шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл бид нэг нарийвчилсан хайлт хийхийн тулд хоёр ба түүнээс дээш функцүүдийн хослолоор томъёо бичиж хайлтын асуудлыг шийдэж байсан бол одоо бидэнд ганцхан XLOOKUP функц байхад л хангалттай. Хайх үйлдлийн нэлээдгүй олон асуудлыг шийдэж чадна шүү.

  1. HLOOKUP, VLOOKUP, LOOKUP функцүүдийг төгс орлоно
  2. INDEX MATCH функцийн хослолыг орлоно
  3. IFERROR, VLOOKUP функцийн хослолыг нэгтгэсэн
  4. Интервалт утгаас хайлт хийнэ
  5. Олон хариутай хайлтын үр дүнгээс өөрт шаардлагатай хариултыг авах

XLOOKUP функц

XLOOKUP функц нь дараах байдлаар Excel программд томъёологдоно.

=XLOOKUP(lookup_value, lookup_array, return_array, [if_not_found], [match_mode], [search_mode])

lookup_value: Энд өгөгдсөн муж буюу look_array дотроос хайх утгыг оруулна. Жишээлбэл тоо, текст, он сар гэх мэт ямар ч утгыг оруулж болно.

lookup_array: Энэ аргументад хайлт хийх гэж буй мужийг оруулна.

return_array: Энэ аргументат мэдээллийн сангийн аль талбараас хайлтанд тохирох утгыг хариу болгож авах уу? гэдгийг тодорхойлно.

if_not_foundЭнэ аргументад хайлт илэрцгүй #N/A алдаа заах үед ямар утга авахыг оруулна.

match_mode: Хайлт хийж буй утга lookup_array-д байхгүй үед ойролцоолон үр дүнг гаргах тохируулгыг энэ аргументад хийж өгнө.

search_mode: Хайлт хийх тохируулга. Тодруулбал хайлтанд илэрсэн ижил утгуудын алиныг хариу болгож авах уу? гэдгийг энэ аргументад тохируулж өгнө.

XLOOKUP функцийг VLOOKUP функцтэй харьцуулж, түүний хэрэглээний талаар жишээ ашиглан та бүхэндээ тайлбарлая.


XLOOKUP функцийн жишээ

Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

Өгөгдсөн мэдээллээс Алтанцэцэг гэдэг нэртэй оюутны сурлагын үнэлгээг мэдэх шаардлагатай болсон. Энэ асуудлыг бид VLOOKUP функцийн тусламжтайгаар хялбархан шийдэж чадна. Өөрөөр хэлбэл дараах томъёогоор үүссэн асуудлыг шийднэ.

=VLOOKUP(E2,A1:C18,2,FALSE)

Үр дүн мэдээж 87 гарна. VLOOKUP функц нь хайхаар зааж өгсөн утгыг өгөгдсөн хүснэгтийн эхний багана дотроос хайн олж, олсон утгад харгалзах өгөгдлийг тодорхойлдог функц гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Хамгийн гол нь хайлт хийх гэж буй муж маань мэдээллийн сангийн эхний багана байх ёстой гэдэг шалгуурыг тавьдаг.

Одоо дээрх асуудлыг XLOOKUP функцээр шийдэе. Үүний тулд бид F4 нүдэнд дараах томъёог бичиж оруулна.

=XLOOKUP(E4,A1:A18,B1:B18)

Үр дүн мөн л 87 гэж гарна. XLOOKUP ашигласан томъёонд бага зэрэг тайлбар оруулая. Бид E4 нүдэнд бичигдсэн Алтанцэцэг гэдэг утгыг A1:A18 мужаас хайсан. Хэрэв тухайн хайлтанд тохирох утга гарч ирвэл түүнд харгалзах B1:B18 муж агуулагдах утгыг хариу болгож авна. Ердөө л энэ. VLOOKUP функцийг ашиглах процесстой харьцуулахад амархан байгаа биз. Хайх утгаа оруулаад, хайх талбараа сонголоо, үр дүн авах мужийг сонголоо. Тэгээд л ENTER дарахад бидний хүссэн үр дүн гараад ирж байна.

VLOOKUP функцийн хувьд дээрх асуудлыг томъёолохдоо нэн тэргүүнд хайх утгаа оруулна. Дараа нь мэдээллийн санг бүхэлд нь сонгоно. Ингэхдээ хайлт хийх муж маань мэдээллийн сангийн хамгийн зүүн гар талд байрласан байх ёстой байдаг. За ингээд дараа нь үр дүн тодорхойлох багана маань мэдээллийн сангийн хэддэх багана болж байгааг гараар тоолж аргументыг оруулна. За тэгээд яг адилхан утгыг хайж олоорой гээд FALSE утгыг бичнэ. Эдгээр үйлдлийн дараа бидний хүссэн үр дүн гарна. Эндээс харахад XLOOKUP функцийн томъёолох процесс VLOOKUP функцтэй харьцуулахад хамаагүй амархан байгаа биз.

За энэ яахав. Өгөгдсөн асуудлыг бага зэрэг өөрчлөе. Тодруулбал бидэнд өгөгдсөн мэдээлэл дараах хэлбэртэй болоод ирсэн байна.

Энэ тохиолдолд бидний сайн мэддэг VLOOKUP функц маань асуудлыг дангаар шийдэх боломжгүй болно. Заавал нэг функцтэй хамжиж элбэж байж дээрх асуудлыг шийдэж чадна. Эсвэл мэдээллийн сангийн байршлыг VLOOKUP функцэд тохируулж засварлана.

Гэтэл XLOOKUP функцэд маань мэдээллийн сангийн байршлын өөрчлөлт түй ч хамаа байхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг шиг, мэдээллийн сангийн байршил солигдоход үр дүн өөрчлөгдөхгүй. Бидний хүссэн үр дүнг гаргадагаараа л гаргана. Ийм л супер функц байна даа.


За ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг өндрөлцгөөе. XLOOKUP функцийн хэрэглээ ашиглалт маш их учраас ганцхан нийтлэлд багтааж бүгдийг бичих боломжгүй юм. Иймээс дараагийнхаа нийтлэлээр XLOOKUP функцийн хэрэглээний талаар үргэлжлүүлэн судлах болно.

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

One Response to Hello XLOOKUP, Goodbye VLOOKUP

  1. Анхбаяр хэлдэг:

    Баярлалаа. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.