Зиак амралтын өдрийн мэнд хүргэе, Exceler-үүдээ. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ Finance-XL загварынхаа үүсэл хөгжил, шинэчлэлтийн талаар товчхон танилцуулахаар шийдлээ. Finance-XL загварын маань арилжааны анхны хувилбар 2014 онд гарснаас хойш 4 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нэлээдгүй олон хэрэглэгчтэй болж, тэд нарынхаа шаардлага, хүсэл тэмүүлэлээр Finance-XL загвар маань улам бүр сайжирч, ач холбогдлоо алдахгүйгээр өнгө зүсээ нэмсээр байна.
Finance-XL загвар маань анх хэрхэн яаж үүссэн талаар та бүхэндээ товчхон мэдээллийг хүргэе. Анх 2011 онд миний бие нэгэн компанийнхаа санхүүгийн тайлан гаргах ажилтай болсон юм. Мэдээж тухайн үед санхүүгийн тайлан гаргана гэхээр шууд санхүүгийн программ л бодогдож байгаа юм чинь. Тийм учраас хэд хэдэн газраас санхүүгийн программ асуулаа. Нэлээд үнэтэй дугарч байна. Нөгөө талаас миний гаргах санхүүгийн тайлан багахан гүйлгээтэй, жижиг аж ахуйн нэгж байсан учраас бүхэл бүтэн санхүүгийн программ томдох төлөвтэй байсан.
Иймээс дараагийн гарц бол Excel загвар байсан юм. Мэдээж интернэт ухаж, санхүүгийн тайлан гаргадаг Excel файл хайсан боловч олигтой юм олдох янзгүй. Иймээс танилын хүрээгээрээ дамжуулж, нэг нягтлан бодогч эгчийн Excel файлыг авсан юм. Анхандаа тэрхүү файлыг ашиглаж тайлангаа гаргаж байсан боловч сүүлдээ нөгөө Excel файл маань нэлээдгүй болхи загвар болох нь мэдэгдэж эхэлсэн. Ингээд л өөрийнхөө загварыг боловсруулах ажил маань эхэлж, Finance-XL загварын үндэс суурь нь энэ үед л тавигдсан юм даа. Тэгэхээр Finance-XL загвар маань тэртээ 2011 онд үүссэн болж таарах нь.
Мэдээж анхны хөгжүүлэлт байсан болохоор бүх зүйлийг томьёогоор шийдэж аль болох хялбаршуулах талаар бүхий л арга замыг хайж, хүссэн зорилгодоо хүрч өөрийн гэсэн Excel загвартай болж чадсан. Энэ цаг үе бол 2012 он юм. Гэвч тун удалгүй нөгөө хүч хөдөлмөр шингэсэн Excel загвар маань надад гологдож эхэлсэн. Учир нь бүх асуудлыг томьёогоор шийдсэн учраас та бидний сайн мэдэх гацах гэсэн асуудал үүсч эхэлсэн. Тодруулбал нэг гүйлгээ хийгээд 10-20 секунд хүлээх ажилтай болсон. Ийм учраас энэхүү загварт шинэчлэл хийх хэрэгтэй юм байсан гэж үзэж, үүссэн асуудлыг хэрхэн шийдэх талаар эрэл хайгуул маань эхэлсэн.
Эрэл хайгуул, загварчлалы үр дүнд та бүхний сайн мэдэх “Санхүүгийн тайлангийн EXCEL загварчлал” сэдвийн хүрээний сургалтанд ашигладаг Excel загварыг бодож боловсруулсан. Уг загвар маань одоогийн бидний ашиглаж буй Finance-XL загварын ажиллагаатай зарчмын хувьд адил боловч гүйлгээ хийх, данс лавлах, дансны хуулга авах зэрэг процесс нь нэлээд бүдүүлэг байдлаар шийдсэн загвар байсан. Гэхдээ Excel загварчлалын талаар анхлан суралцаж байгаа хүмүүст бол энэхүү загвар маш сайн загвар юм.
Энэ л үеэс та бидний өнөөдрийн ашиглаж буй Finance-XL загварын жинхэнэ хөгжүүлэлт хийгдэж эхэлсэн. Энэ цаг үе бол 2014 он байсан юм. Тус онд өөрийн сэтгэлд нийцсэн санхүүгийн тайлангийн Excel загварыг боловсруулсан бөгөөд тухайн үед энэхүү загвартаа ямар нэр өгөх талаар бодож, Finance-XL гэсэн нэрийг өгөхөөр шийдсэн. Ер нь өөрийн хийж буй бусад төрлийн загваруудад ч гэсэн XL гэсэн залгаварыг залгах байдлаар бусад загварын нэрсийг өгч эхэлсэн.
Finance-XL 1.0 хувилбар
Мэдээж энэ загвар бол зах зээлд нийлүүлсэн анхны хувилбар юм. Finance-XL 1.0 загвар маань ажил гүйлгээг нэг sheet-нд доош нь цувуулан нэг бүрчлэн шивдэг байсан. Шивэх талбарыг урьдчлан хүснэгт хэлбэрээр боловсруулж, Conditional Formatting ашиглаж харагдах байдал үзэмжийг сайжруулсан.
Мэдээж хүн болгон Excel дээр мундаг сайн ажилладаг биш болохоор миний хийсэн загварын форматын хамгаалалтыг эвдэх, томьёо тооцооллыг хөдөлгөх, улмаар хийсэн загвар маань буруу ажиллаж, үр дүн худал гарч эхэлсэн. Иймээс загварын хамгаалалтыг сайжруулах, эвдэрсэн форматыг автоматаар засах комманд зэргийг оруулж өгөх шаардлагатай болсон.
Finance-XL 2.0 хувилбар
Finance-XL 2.0 загварын хувьд Finance-XL 1.0 загварт дурдсан хамгаалалтын асуудлыг сайжруулж, эвдэрсэн форматыг автоматаар дахин сэргээх коммандыг нэмэлтээр оруулж өгсөн. Үүний үр дүнд Finance-XL загвар хэрэглэгч маань өөрийн загварын форматыг эвдсэн нөхцөлд Sort-Format коммандаар шууд засах боломжтой болж байгаа юм.
Мөн томьёо бичигдсэн зарим талбаруудын хамгаалалт ашиглалтын явцад арилж байсан тул энэхүү асуудлыг Protector коммандаар шийдсэн. Тус комманд нь загварт шаардлагатай гол томьёоллуудыг сэргээж, хамгаалалтнаас гарсан мужнуудыг хамгаалалтанд авах зориулалттай комманд юм. Тус загварыг ашиглах явцад хэрэглэгч нар гүйлгээний баримт гаргах талаар санал хүсэлт нэлээдгүй ирсэн тул үүнтэй холбоотой шинэчлэлийг хийж, Finance-XL 3.0 хувилбарыг гаргасан.
Finance-XL 3.0 хувилбар
Finance-XL 3.0 загварт хэрэглэгчдээс ирсэн хүсэлтийн дагуу гүйлгээний баримт хэвлэх үйлдлийг нэмэлтээр оруулж өгсөн. Загвараас кассын орлого, зарлагын баримт болон бэлэн бус гүйлгээний баримтууд хэвлэгдэн гардаг болсон.
Finance-XL 3.0 загварт өмнөх хувилбаруудын жижиг сажиг алдаануудыг засаж, залруулах ажлууд хийгдсэн бөгөөд өмнөх 2 хувилбараа бодвол харьцангуй сайн ажиллагаатай загвар болсон. Гэсэн ч хэрэглэгч нараас санал хүсэлтүүд ирсээр байсан байсан бөгөөд хамгийн чухал санал хүсэлтийн нэг бол Finance-XL загварт орсон мэдээллийг экспорт хийж авах, буцааж импорт хийж оруулах үйлдлийн талаарх санал хүсэлт байсан юм. Энэ комманд нь яагаад чухал байсан бэ гэхээр
Finance-XL 4.0 хувилбар
Finance-XL 4.0 хувилбарт Export, Import коммандуудыг оруулж ирсэн. Эдгээр комманд нь Finance-XL загварт агуулагдсан бүхий л мэдээллийг архивлан хадгалж, хадгалсан архивыг буцааж загварт оруулж ирэх зориулалттай комманд юм.
Энэхүү комманд нь гүйлгээний мэдээлэл болон дансны мэдээлэлд хялбар аргаар засвар оруулах, жилийн эцсийн өндөрлөгөө хийх, банкны дансны хуулгыг Finance-XL загвар оруулах зэрэг маш олон талын ач холбогдолтой комманд юм.
Finance-XL 5.0 хувилбар
Finance-XL загварын эхний хувилбарууд маань ажил гүйлгээг нэг sheet-нд доош нь цувуулан нэг бүрчлэн шивдэг байсан боловч энэхүү үйлдэл нь нэг талаас санамсаргүй байдлаар гүйлгээ устгах, гүйлгээний мэдээлэл устгах зэрэг эрсдэлтэй, нөгөө талаас хэрэглэгчид гүйлгээний мэдээллийг буруу зөв форматаар оруулж, үндсэн гүйлгээ хийх талбарыг эвдэж байсан нь тус загварыг сайжруулахаас өөр аргагүй болсон юм.
Finance-XL 4.0 загварын дээрх дутагдалтай талыг сайжруулах зорилгоор Finance-XL 5.0 хувилбарыг гаргасан бөгөөд тус загвар маань гүйлгээг өөр sheet-нээс гүйлгээний цонх ашиглан шивдэг байдлаар загварчилсан. Үүний үр дүнд гүйлгээг санамсаргүй байдлаар устгах, гүйлгээний мэдээлэл дутуу орох, буруу форматаар бичигдэх зэрэг эрсдлээс сэргийлж чадсан нэлээд сайн загвар болсон.
Мэдээж ажил гүйлгээг гүйлгээ цонх ашиглан хийж байгаатай холбогдуулан дансны лавлагааны хэсгийг мөн энэхүү хувилбар дээр шинэчлэн сайжруулах шаардлага урган гарсан. Гэхдээ бид энэхүү Finance-XL 5.0 загварын хувилбар дээр дансны лавлагааны хэсгийг маш оновчтойгоор шийдэж, данс лавлахад маш амархан байдлаар загварчилж өгсөн тул хэрэглэгчдээс Finance-XL 5.0 загварын талаар илүү их урмын үг, талархалын сэтгэгдлийг хүлээн авсан. Гэхдээ Finance-XL 5.0 загвар маань төгс загвар болж хараахан чадаагүй байгааг бид мэдэрч байсан.
Finance-XL 6.0 хувилбар
Finance-XL 5.0 загварыг манай хэрэглэгчид хэсэг хугацаанд ашигласны дараагаар бидэнд НӨАТ-тэй гүйлгээг автоматаар салгаж шивдэг болмоор байна гэсэн хүсэлт удаа дараа ирэх болсон. Арга ч үгүй биз. Finance-XL 5.0 хувилбар маань НӨАТ-тэй гүйлгээг нэг бүрчлэн гараар НӨАТ салгаж шивдэг байсан нь загварын сул талыг тодруулж ирсэн. Иймээс бид энэхүү асуудлыг шийдэж Finance-XL 6.0 загварыг гаргаж ирсэн.
Finance-XL 6.0 загварт НӨАТ-тэй гүйлгээ шивэх сонголтыг шинээр оруулж өгсөн бөгөөд тухайн хэрэглэгч хэрэв НӨАТ-тэй гүйлгээ хийх болсон бол НӨАТ гэсэн коммандыг идэвхжүүлж, НӨАТ-ын авлага үүсгэх үү эсвэл өглөг үүсгэх үү гэсэн сонголтыг хийнэ. Энэ нэмэлт комманд нь Finance-XL загварын гүйлгээ процессийг нэлээдгүй хялбарчилсан комманд болж өгсөн. Хэдийгээр гүйлгээний цонхноос гүйлгээг нэг бүрчлэн шивж оруулах нь нэг талаас мэдээллийн аюулгүй байдалд эерэг нөлөөтэй байсан хэдий ч нөгөө талаас ижил агуулгатай олон гүйлгээ хийхэд цаг хугацаа ихээхэн шаарддаг ажил болж хувирсан. Өөрөөр хэлбэл ижил агуулгатай олон гүйлгээг шууд GL хуудсанд Copy/Paste комманд ашиглах замаар хийх нь маш хурдтай, үр дүнтэй байгаа талаар хэрэглэгч нар санал хүсэлт ирүүлж эхэлсэн. Иймээс бидний зүгээс Finance-XL загварт хоёр төрлөөр гүйлгээ хийх сонголтыг оруулж өгөх шаардлагатай болж ирсэн. Гэхдээ мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангасан шийдлийг оруулах хэрэгтэй болсон. Бид энэхүү асуудлыг Finance-XL 7.0 хувилбар дээр шийдэж чадсан. Та бүхэнд тун удахгүй Finance-XL 7.0 загварыг танилцуулах болно.
Та бүхэн гайхаж байж магадгүй юм. Ганцхан Excel файлыг ямар удаан хугацаагаар хөгжүүлдэг юм бэ гэж гайхаж магадгүй. Мөн яагаад Finance-XL загварт цалин хөлс, бараа материал, үндсэн хөрөнгө, татварын тайлан, НДШ-ийн тайлан, НӨАТ-ын тайлан гэх мэт тайлангуудыг оруулж болдоггүй юм бэ гэж!!!
Бидний боловсруулсан энэхүү загварын үндсэн зорилго нь ашиглахад хамгийн хялбар нягтлан бодох бүртгэлийн загвар Excel файлыг бүтээх явдал юм. Мэдээж нягтлан бодох бүртгэл гэдэг бол маш том шинжлэх ухаан. Нягтлан бодох бүртгэлийн бүхий л зүйлийг нэг Excel программд оруулж нэгтгэнэ гэдэг бол боломжгүй юм. Боломжгүй байх хамгийн энгийн жишээ бол Excel файлын ачаалал, хурд. Мөн маш олон тооны коммандууд үүсч ирнэ. Үүнээс болж бидний зорилго болох ашиглахад хамгийн хялбар гэсэн агуулга алдагдаж, олон тооны коммандууд дунд толгой эргэнэ. Иймээс бид Finance-XL загварыг хийхдээ зөвхөн ажил гүйлгээний түвшинд хамгийн хялбар байдлаар санхүүгийн тайлан гаргах зарчмыг баримталж энэхүү загвар боловсруулсан юм.
Бидний зүгээс Finance-XL загварынхаа шинэчлэл болгон дээр хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг шийдвэрлэх, ашиглах процесийг улам бүр хялбаршуулах тал дээр байнга шинийг эрэлхийлж ажилладаг.
Сэтгэгдэл үлдээх