Зиак залуучууд сайхан амарцгааж байна уу. Гадаа өвөл болох гээд хүйтрч байх шиг байна. Өнөөдөр машиныхаа өвлийн бэлтгэлийг хангалаа. Тос маслыг нь сольж, өвлийн 4 дугуйгаа хийж орхилоо. Одоо гадаа нээх дулаарахгүй байх гэж бодож байна. Би машиныхаа тос маслоыг жилд нэг удаа солиулдаг юм. Гэтэл энэ буруу юм шиг байна. Жилд 2 удаа солиулах хэрэгтэй юм байна бодлоо. Машин маань нэг л хүч муутай болчихсон байсан. Гэтэл өнөөдөр тос маслыг нь солитол урьдын адил год год гээд л хүч нтр нь нэлээдгүй нэмэгдсэн байна. Зиак миний хувьд өнөөдөр иймэрхүү байдалтай өдрийг өнгөрөөлөө. Харин одоо гол асуудалдаа орцгооё.
Та бүхэн Excel программ ашиглаж байх явцдаа ямар нэгэн зураг, дүрс зэргийг ашигладаг уу? Миний хувьд Excel программ дээр ямар нэгэн тооцоолон бодох загвар хийж байх явцдаа зураг, дүрсийг өргөн ашигладаг. Яг юунд нь зураг, дүрс ашигладаг бэ? гэхээр загварын ар талын дэвсгэр өнгө буюу Background хийхэд, эсвэл ямар нэгэн VBA код, томьёо функц ажиллуулах комманд хийх зэрэгт ашигладаг. Excel программд зураг, дүрсийг хаанаас ч оруулж болно. Жишээлбэл Excel программд дүрс оруулахыг хүсвэл INSERT хуудасны Shapes коммандыг ашиглах замаар оруулж болно. Эсвэл та тус хуудасны Clip Art, Picture, Smart Art, Screenshot зэрэг коммандуудыг ашиглах замаар ч оруулж болно.
Гэхдээ бид өнөөдрийнхөө нийтлэлээр Excel программд зураг оруулах талаар өгүүлэхгүй учраас энэ сэдвийг ингээд орхьё. Харин өнөөдрийн нийтлэл маань оруулсан зургийг ашиглах явцад үүсдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай өгүүлэх болно.
Үүссэн асуудал
Би Excel программын Shapes коммандыг ашиглах замаар тэгш өнцөгт дүрсийг Sheet-нд оруулж, дараах зурагт үзүүлсний дагуу байршуулсан.
Үүний дараагаар C баганыг сонгож, хулганын баруун товчийг дарах замаар, Insert коммандыг өгч шинээр багана Excel программд оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл оруулж ирсэн дүрс байгаа газарт шинэ багана нэмж оруулсан.
Үүний үр дүнд бидний оруулж ирсэн дүрсний хэмжээ шинээр нэмэгдсэн баганын хэмжээгээр баруун гар тийш дагаж сунасан байна. Тэгэхээр гол асуудал маань бидний оруулж ирсэн зураг эсвэл дүрсний хэмжээ маань тогтмол бус мөр баганын хэмжээний өөрчлөлтөөр дагаж өөрчлөгдөж байна гэдгийг та бүхэн анзаарсан байх.
Энэ асуудал надад маш төвөгтэй санагддаг. Оруулж ирсэн дүрснийхээ хэмжээ дамжааг яг таг тааруулаад, уг дүрсээ загварынхаа тохирсон нэг газар байршуулаад, загвараа боловсруулж байх явцад мөр баганын хэмжээнд жоохон өөрчлөлт ороход дүрсний хэмжээ дагаад өөрчлөгдчихдөг. Ингээд л эхнээс нь нөгөө дүрсээ янзалж эхэлдэг. Ахиад нэг жишээ авая. Дээрх зурагны хувьд Sheet-ийн 2-р мөрийг Hide төлөвт оруулъя.
Үр дүнд дүрсний хэмжээг нарийхан болсон байна. Гэх мэтчлэнгээр асуудлууд тулгардаг.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх бэ?
Дээрх асуудлын шийдэл маш энгийн. Та оруулж ирсэн зураг эсвэл дүрснийхээ шинж чанарт тохиргоо хийхэд танд тулгарсан асуудал шийдэгдэнэ. Дээрх жишээг дахин авч үзье. Excel программд дээрх тэгш өнцөгтийг оруулж ирсэн гэж төсөөлье. Оруулж ирсэн дүрсний хэмжээг тогтмол болгохын тулд дараах алхмыг хийж гүйцэтгэнэ.
- Оруулж ирсэн дүрс буюу манай жишээний хувьд тэгш өнцөгт дүрсийг идэвхжүүлж, хулганын баруун товчийг дарна.
- Үүсэх цэснээс Size and Properties… коммандыг өгнө.
- Үүний үр дүнд Format Shapes цонх нээгдэх ба тус цонхноос Properties гэсэн хуудсыг сонгоно.
Ингээд үүсэх цэснээс холбогдох тохиргоог хийж, зурагны байршил болон хэмжээг тогтмолжуулна. Энэ талаар дээрх зурагнаас харж болно.
- Хэрэв энэ талбарт Move and size with cells гэсэн тохиргоо хийгдсэн бол зурагны байршил болон хэмжээг хувьсах шинж чанартай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл мөр болон баганын өөрчлөлтийн хэмжээгээр зурагны байршил болон хэмжээ өөрчлөгдөнө гэсэн үг. Бидэнд тулгарсан дээрх асуудал үүснэ.
- Хэрэв энэ талбарт Move but don’t size with cells гэсэн тохиргоо хийгдсэн бол зурагны хэмжээ нь өөрчлөгдөхгүй ч байршил нь өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Жишээлбэл A баганыг сонгож, шинэээр багана үүсгье. Энэ тохиолдолд зурагны байршил хэрхэн өөрчлөгдөж байгааг та бүхэн анзаараарай.
- Хэрэв энэ талбарт Don’t move or size with cells гэсэн тохиргоо хийгдсэн бол зурагны хэмжээ болон байршил тогтмол хөдөлгөөнгүй байна гэсэн үг. Миний хувьд ашиглаж буй зураг, дүрсэндээ энэ тохиргоог хийх замаар хөдөлгөөнгүй болгодог.
Доод талд нь байрлах CheckBox бүхий 3 сонголт нь ямар ач холбогдолтой талаар товч тайлбарыг хийе.
- Print object: Энэ сонголт идэвхтэй үед тухайн Sheet дэхь мэдээллийг хэвлэхэд дүрс маань хамт хэвлэгдэнэ. Эсрэгээрээ идэвхгүй үед дүрс хэвлэгдэхгүй.
- Locked: Энэ сонголт идэвхтэй байгаа үед тухайн Sheet-ийг хамгаалахад зураг, дүрс маань давхар хамгаалагдана. Эсрэгээрээ идэвхгүй үед зураг, дүрс маань Sheet-ийн хамгаалалтанд орохгүй.
- Lock text: Энэ сонолт идэвхтэй байгаа үед Sheet-ийг хамгаалах үед зураг дүрсэн дээр бичсэн текстийг давхар хамгаална. Өөрөөр хэлбэл текстэнд өөрчлөлт оруулах боломжгүй болгоно гэсэн үг. Эсрэгээрээ идэвхгүй байгаа үед зураг, дүрс дээрх текстийг өөрчлөх боломжтой болно.
Зиак ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг дуусгая. Хэдийгээр энэхүү техник маань маш энгийн мэт боловч, энэ талаар мэддэггүй хэн нэгэнд маань маш чухал техник юм шүү. Та бүхэнд амжилт хүсье. Амралтын өдрөө ая тухтай, үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.
Сэтгэгдэл үлдээх