Оройн мэнд Excerler-үүдээ. Ойрын өдрүүдэд ажил ихтэй байгаа болохоор сайтандаа тогтмол нийтлэл бичиж ердөө амжихгүй байна. Зарим хүмүүс яачив, ийчив гээд бас санаа тавьдаг болсон байна шүү 🙂 🙂 🙂 . Зиак энэ ч яахав. Өнөөдөр хэд хоногийн өмнө Facebook хуудсаараа дамжуулан асуусан нэгэн асуултандаа хариулахаар шийдлээ. Энэ асуултанд яг таг тодорхой хариулт өгсөн уншигч байхгүй ч Tsogt-Ochir Narankhuu гэх уншигч маань бага зэрэг дөхүүлсэн байна. Асуултын хувьд бага зэрэг мэргэжилийн мэдлэг (онолын мэдлэг) шаардагдах учраас хүмүүс тэр болгон хариулж чадахгүй байгаа байх гэж бодож байна.
Зиак ингээд асуултыг дахин тавья.
- Компанийн жилийн дундаж орлого 1000 төгрөг,
- Хувьсах зардал жилд дунджаар 500 төгрөг,
- Тогтмол зардал 200 төгрөг бол
Тухайн жилд ашигтай ажиллах магадлалыг олох.
Нэмэлт нөхцөл:
- Орлого болон хувьсах зардал нь хэвийн тархалттай
- Орлогын хэлбэлзэл 300 төгрөг
- Зардлын хэлбэлзэл 100 төгрөг
Үүнийг Excel дээрх хэрхэн загварчилж болох бэ?
Мэдээж энэ бол мэргэжилийн асуулт. Энэ асуултанд статистикч, санхүү, эдийн засгийн чиглэлээр сурч, ажилладаг хүмүүс хариулах магадлал өндөр. Миний хувьд санхүүч мэргэжилтэй ч энэ талын нарийвчилсан мэдлэг маруухан. Гэхдээ яахав жоохон бүдүүн тоймоор асуудлыг шийдэх гэж оролдлоо. Зөв бурууг манайхан шүүн хэлэлцээрэй.
Энэ асуудлыг шийдэхэд статистикийн Монте-Карло аргыг ашиглаж болно. Монте-Карла арга гэдэг нь тухайн нэг загварт санамсаргүй тоо ашиглаж, үр дүн гаргаж авдаг аргачлал юм.
Асуултыг дараах байдлаар ерөнхийд нь томьёолж, загварчилж болно.
Компанийн ашиг=Нийт орлого-Хувьсах зардал-Тогтмол зардал
Энд асуултын нөхцөл ёсоор нийт орлого болон хувьсах зардал хэвийн тархалттай санамсаргүй хэмжигдэхүүн гэж тодорхойлсон. Тэгэхээр нийт орлого, хувьсах зардал хоёрыг өгөгдсөн нөхцлийн дагуу хэвийн тархалттай санамсаргүй тоогоор үүсгэнэ.
Дундаж орлого 1,000.00 төгрөг орлогын хэлбэлзэл 300.00 төгрөг гэсэн учраас Excel программын NORM.INV функцийг ашиглаж, санамсаргүй орлогыг үүсгэнэ.
=NORM.INV(RAND(),1000,300)
Дундаж хувьсах зардал 500.00 төгрөг, хувьсах зардлын хэлбэлзэл 100.00 төгрөг гэсэн учраас мөн NORM.INV функцийг ашиглаж, санамсаргүй хувьсах зардлыг үүсгэнэ.
=NORM.INV(RAND(),500,100)
Тогтмол зардал 200.00 төгрөг гэсэн учраас дээрх томьёог дараах байдлаар өргөтгөж болно.
=NORM.INV(RAND(),500,100)+200
Үндсэн загвар ёсооор бид дээрх томьёог дараах хэлбэрээр илэрхийлэе.
=NORM.INV(RAND(),1000,300)-NORM.INV(RAND(),500,100)+200
Дээрх томьёоллуудыг Excel программд дараах зурагт үзүүлсний дагуу оруулна.
За одоо A1:C1 мужид бичсэн томьёог доош нь хангалттай их хэмжээтэйгээр хуулна. Миний хувьд A2:C100,000 мужид хуулж тавьсан. Өөрөөр хэлбэл 100,000 ажиглалтын утга буюу 100,000 санамсаргүй ашгийг өгөгдсөн нөхцлийн дагуу тодорхойлсон.
Дээрх зурагны хувьд A багананд санамсаргүй нийт орлого, B багананд санамсаргүй хувьсах зардал+тогтомл зардал, C багананд санамсаргүй ашиг буюу A баганын үзүүлэлтээс B баганын үзүүлэлтийг хассан үр дүн гарсан байна.
Бидний гол зорилго тухайн компанийн ашигтай байх магадлалыг олох учраас С баганаас 0-ээс бага утгуудын түүвэрийн тоо нийт санамсаргүй 100,000 ашгийн хэдэн хувийг эзэлж байгааг олох шаардлагатай. Үүнийг бид Excel рограммын PERCENTRANK функцийн тусламжтайгаар олж чадна.
PERCENTRANK функц нь өгөгдсөн тоо утга эсвэл түүнээс доогуур төвшний утгаад тухайн сонгогдсон мужийн мэдээлэлд хэдэн хувийг эзэлж байгааг илэрхийлнэ. PERCENTRANK функцийг хэрхэн ашиглах тухай дараах зурагнаас харж болно.
Дээрх зурагны хувьд E1 нүдэнд:
=PERCENTRANK(C1:C100000,0)
томьёог оруулсан ба үр дүн нь 17.1% гарсан байна. Энэ нь алдагдалтай ажиллах магадлал 17.1% байна гэдгийг илэрхийлнэ. Бидний асуусан асуулт ашигтай байх магдалалыг ол гэсэн учраас 1 буюу 100%-иас алдагдалтай ажиллах магадлалыг хасах замаар ашигтай ажиллах магадлалыг олно.
Үүний үр дүнд ашигтай ашигтай ажиллах магадал 83.0% гарч байна. Ашигтай болон ашиггүй ажиллах нийт боломж маань 100% байна. Иймээс бид нийт боломжоосоо алдагдалтай ажиллах магадлалыг хасах замаар ашигтай ажиллах магадлалыг тодорхойлж байгаа нь энэ юм.
Бидний авч үзсэн энэ загвар маань санамсаргүй тоон дээр суурилж байгаа учраас тооцооллын үр дүн бага зэрэг өөрчлөгдөж болно. Гэхдээ нэг их өөрчлөлт гарахгүй. Дунджаар 82%-84% хооронд өөрчлөлт ажиглагдах болно. За ингээд та бүхэн энэхүү аргачллын талаар ерөнхийд нь ойлгосон байх гэж найдаж байна. Асуух асуулт, санал шүүмжээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх