Зиак та бүхэнд өдрийн мэнд хүргье. Ойрын үед гадаа нилээд хүйтэрч байна шүү. Урьжигдар орой хөдөө яваад, өчигдөр өдөр ирлээ. Шөнө машины градус 33 гэж зааж байна лээ. Овоо хүйтэн байна лээ шүү. Хөдөө гадаа явахдаа сайн дулаалж яваарай. Бас машиныхаа бүрэн бүтэн байдал, техникийн талыг сайтар шалгаж явах хэрэгтэй шүү. За ингээд ажил тарахаас өмнө нэгэн нийтлэлийг та бүхэнд танилцуулъя. Энэ бол ADDRESS функцийн ажиллах үндсэн зарчмыг танилцуулсан тухай нэгэн нийтлэл юм.
Та бүхэн ADDRESS функцийн талаар өмнө нь сонсож байсан уу? бас энэ функцийг хэрэглэж байсан уу? гэсэн асуултыг тавья. Мэдээж та бүхэн энэ функцийн талаар төдийлөн их сонсож, хэрэглэж байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ функцийг энгийн хэрэглээнд төдийлөн их ашигладаггүй. Гол төлөв Excel загварчлалд ашигладаг болохоор хүмүүс энэ функцийн талаарх мэдлэг хомс байдаг.
За ADDRESS функц нь Excel программын өгөгдсөн координат дахь нүдний хаягыг тодорхойлдог функц юм. Тус функц нь дараах байдлаар бичигдэнэ.
=ADDRESS(row_num, column_num, [abs_num], [a1], [sheet_text])
row_num: Мөрний индекс
column_num: Баганын индекс
abs_num: Энд 1-ээс 4-ийн хооронд тоо оруулна. Хэрэв 1 гэж оруулбал хаяг $E$1, $F$5, $J$8 … гэх мэтчилэнгээр хаягийг долларжуулна. Хэрэв 2 гэж оруулбал хаяг E$1, F$5, J$8 … гэх мэтчилэнгээр бичигдэнэ. Хэрэв 3 гэж оруулбал хаяг $E1, $F5, $J8 … гэж бичигдэнэ. Хэрэв 4 гэж оруулбал хаяг E1, F5, J8 … гэж бичигдэнэ. Долларжилтын талаар та бүхэн дараах линкээс илүү ихийг уншиж болно. Үүнд:
[a1]: Энд TRUE эсвэл FALSE гэсэн утга авна. Хэрэв TRUE гэсэн утга оруулбал ADDRESS функц хаягыг E2, A8, C7 … гэсэн форматаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл “Баганын үсэг, мөрийн тоо” гэсэн форматаар хаягыг тодорхойлно. Хэрэв FALSE гэсэн утгыг оруулбал R1C1, R10C5, R4C3 … гэсэн форматаар хаягыг илэрхийлнэ. Хэрэв энэ утгыг хоосон орхивол TRUE гэсэн төлөвтэй адил үр дүн гарна.
[sheet_text]: Өөр sheet-ийн хаягийг тодорхойлох гэж байгаа бол энд тухайн sheet-ийн нэрийг бичнэ. Ингэснээр энэ талбарт бичигдсэн sheet-ийн хаяг ADDRESS функцээр тодорхойлогдоно.
Зиак одоо ADDRESS функц хэрхэн ажилладагыг жишээн дээр тайлбарлая. Excel программын A1 нүдэнд дараах томьёог бичнэ.
=ADDRESS(5,3,1)
дээрх томьёо нь 5 дахь мөр, 3 дахь баганын хаягыг 1 гэсэн төлвөөр тодорхойлох томьёо юм. Энд [a1] талбарын утгыг хоосон орхисон болно. Өөрөөр хэлбэл TRUE гэсэн төлөвтэй адил. Томьёоллыг дараах зургаар үзүүлэв.
Энэхүү томьёоны үр дүн $C$5 гэж гарна. За тэгвэл =A1:A4 мужид харгалзан дараах томьёонуудыг бичие.
- A1=ADDRESS(5,3,1)
- A2=ADDRESS(5,3,2)
- A3=ADDRESS(5,3,3)
- A4=ADDRESS(5,3,4)
Эдгээр томьёоны үр дүн дараах зурагт үзүүлснээр гарна.
За тэгвэл одоо [a1]-ийг FALSE төлвөөр томьёо бичие.
- A1=ADDRESS(5,3,1,FALSE)
- A2=ADDRESS(5,3,2,FALSE)
- A3=ADDRESS(5,3,3,FALSE)
- A4=ADDRESS(5,3,4,FALSE)
Эдгээр томьёоны үр дүн дараах зурагт үзүүлснээр гарна.
Дээрх томьёог дахин өргөтгөж, [sheet_text] талбарыг нэмье.
- A1=ADDRESS(5,3,1,TRUE,”TEST”)
- A2=ADDRESS(5,3,2,TRUE,”TEST”)
- A3=ADDRESS(5,3,3,TRUE,”TEST”)
- A4=ADDRESS(5,3,4,TRUE,”TEST”)
Эдгээр томьёоны үр дүн дараах зурагт үзүүлснээр гарна.
За ингээд боллоо доо. Та бүхэн ADDRESS функцийн ажиллах үндсэн зарчмыг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Харин энэ функцийг яг юунд ашигладаг юм болоо гэж та бүхэн гайхаж байгаа байх. Дараагийнхаа нийтлэлээр ADDRESS функцийн хэрэглээний талаар жишээ авч үзэх болно. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
тийм байлгүй дээ. /Дараагийнхаа нийтлэлээр ADDRESS функцийн хэрэглээний талаар жишээ авч үзэх болно./ гайхаад сууж байлээ.