Өгөгдсөн тоонд хэдэн цифр орсон бэ?

Нэлээд хэд хоногийн өмнө нэг найз маань надруу утсаар яриад утасны дугаар хэдэн цифрээс бүрдэж байгааг яаж олох бэ гэж асуудаг юм байна. Даалгаврыг анх сонсоход амархан юм шиг санагдаад томъёоллыг нь Chat-р явуулая гээд хэлчихлээ. Ингээд асуудлыг шийдвэрлэхээр томъёолж эхэллээ. Би Excel 365 ашиглаж байгаа болохоор асуудлыг маш хурдан шийдчихлээ. За тэгээд нөгөө найзруугаа явуулах гэтэл нөгөөх маань Excel 2016 ашиглаж байгаа гэнэ. Тэгэхээр Excel365 дээр шийдсэн томъёолол ямар ч хэрэггүй болоод явчихлаа шүү. За ингээд хүссэн хүсээгүй Exce2016-д тохирсон томъёоллоор асуудлыг шийдэх гэж үзлээ. Бас хөөрхөн толгой ажиллуулж байдаг шүү. Ингээд тухайн хувилбар дээрээ асуудлыг шийдээд явуулсан.

Энэ шийдсэн асуудал маань сонирхолтой санагдаад байсан тул уг асуудлал болон шийдлийг нийтлэл болгож оруулахаар боллоо. За ингээд бүгдээрээ үүссэн асуудалтайгаа танилцая.

Үүссэн асуудал:

Надад A2:A5 мужид утасны дугаарууд өгөгдсөн. Эдгээр утасны дугаарууд тус бүр хэдэн цифр агуулж байгааг C2:C5 мужид тодорхойлох шаардлага гарсан. Тодруулбал 88880946 гэсэн утасны дугаар 5 цифрээс бүрдэж байна. Мөн 88721658 гэсэн утасны дугаар 6 цифрээс бүрдэж байна. Гэх мэтчлэнгээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болжээ. Үүссэн асуудлыг дараах зурагт дүрслэн үзүүлэв.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Зиак дийлэнх Excel хэрэглэгч нар Excel 2021-ээс доош хувилбарыг ашиглаж байгаа байх. Тиймээс асуудлыг шийдлийг Excel 2021-ээс доош хувилбарууд дээр ажиллах томъёо ашиглан шийдвэрлэе.

Нэн тэргүүнд бид A2 нүдэнд байгаа утасны дугаарыг цифр болгоноор задалж, Array хэлбэрт оруулая. Үүний тулд бид дараах томъёоллыг ашиглана.

=VALUE(MID(A2,ROW($A$1:$A$8),1))

Уг томъёолол нь A2 нүдэнд агуулагдах утасны дугаарын цифрийг нэг бүрчлэн задалж, Array хэлбэрт шилжүүлнэ. Томъёоллын үр дүнг дээрх зурагт үзүүлэв. Үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргана.

Одоо үүсгэсэн Array цифрүүдийг давтамж тодорхойлдог FREQUENCY функцийг ашиглаж, цифрүүдийн давтамжийг тодорхойлно. Томъёолол болон томъёоллын үр дүнг доор үзүүлэв. Үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргана.

=FREQUENCY(VALUE(MID(A2, ROW($A$1:$A$8),1)), VALUE(MID(A2,ROW($A$1:$A$8),1)))

Нэгэнт цифрүүдийн давтамж тодорхой болсон учраас одоо 0-ээс их давтамжтай утгуудыг тоолох процессийг дараах байдлаар томъёолно. Үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргана.

=SUM(IF(FREQUENCY(VALUE(MID(A2, ROW($A$1:$A$8),1)),
VALUE(MID(A2, ROW($A$1:$A$8),1)))>0,1))

Уг томъёоллын үр дүн 5 гэж гарна. Учир нь 88880946 утасны дугаар 5 цифр агуулж байгаа бөлгөө. За ингээд бид эхний үр дүнг гаргаж авлаа. Одоо бусад дугааруудын цифрийн тоог гаргахын тулд C2 нүдний томъёоллыг C5 нүд хүртэл Copy/Paste хийж хуулахад л хангалттай. Эцсийн үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд