Зиак Exceler-үүд сайхан амарцгааж байна уу. Миний хувьд тайлан тооцоо гэсэн байдалтайгаар амралтын өдрүүдийг өнгөрөөж байх шиг байна. Өөрөөр хэлбэл ажиллангаа амарлаа. Өнгөрсөн долоо хоногт манай нэг уншигч маань өгөгдсөн мэдээлэл регистерийн дугаар мөн эсэхийг шалгадаг томьёоллыг хэрхэн бичих талаар асуулт асуусан юм. Тэр асуултанд өнөөдрийнхөө нийтлэлээр хариулах гэтэл нэлээдгүй Excel техник томьёоллууд ашиглах шаардлагатай болсон. Иймээс эхлээд тус асуудлыг томьёолохтой холбоотой зарим техникүүдийн талаар нийтлэл бичиж байж асуудлыг томьёолохгүй бол сунжирсан урт нийтлэл болох төлөвтэй байсан.
Зиа ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе. Өнөөдрийн нийтлэлийн маань ерөнхий агуулга бол өгөгдсөн нүдэнд байгаа мэдээлэлд тоон мэдээлэл агуулагдаж байгаа эсэхийг шалгах томьёоллыг хэрхэн бичих тухай юм.
Excel программын A1:A5 мужид дараах текстэн мэдээлэл өгөгдсөн байна.
Эдгээр мэдээлэлд тоон мэдээлэл байгаа эсэхийг тодорхойлох шаардлага гарчээ. Өөрөөр хэлбэл A1 нүдэнд ямар нэгэн тоон мэдээлэл байгаа эсэх, мөн A2, A3, A4, A5 нүдний утгууд ямар нэгэн тоон мэдээлэл агуулж байгаа эсэхийг шалгах шаардлага гарсан байна. Тоон мэдээлэл гэдэгт 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 гэсэн утгуудыг хамруулж ойлгоно.
Нүдний утганд тоон мэдээлэл агуулагдаж байгаа эсэхийг шалгах томьёоллын хувьд FIND функцийг COUNT функцтэй хослуулж ашиглана. Хэрхэн яаж ашиглах талаар одоо тайлбарлая.
Нэн тэргүүнд бид B1 нүдэнд дараах томьёог бичиж оруулна.
=FIND({0,1,2,3,4,5,6,7,8,9},A1)
Үр дүн #VALUE! гэсэн алдааг заах боловч, B1 нүдэнд дараах үр дүнгүүдийг агуулж байгаа болно.
={#VALUE!,5,6,#VALUE!,#VALUE!,#VALUE!,8,3,4,#VALUE!}
Үүнийг F9 товчоор харж болно. Дээрх томьёо нь тухайн нүдэнд 0-ээс 9 гэсэн тоон утгууд хэд дэх стринг болж байршиж байгааг илэрхийлсэн томьёолол юм. Одоо дээрх томьёог COUNT функцээр өргөтгөж, дараах томьёог бичнэ.
=COUNT(FIND({0,1,2,3,4,5,6,7,8,9},A1))>0
Томьёоны хувьд FIND функцээр гарсан үр дүнг COUNT функцээр тоолж буй томьёолол юм. Өөрөөр хэлбэл хэрэв тухайн нүнд тоон мэдээлэл байвал COUNT функцийн үр дүн 0-ээс их тоо гарах болно. Энэ нь TRUE гэсэн үр дүнг B1 нүдэнд гаргана.
B1 нүдэнд бичигдсэн томьёог доош нь B5 нүд хүртэл чирэх замаар бусад мэдээлэлд тоон мэдээлэл агуулагдаж байгаа эсэхийг тодорхойлно.
Жишээлбэл B1 нүдний утга TRUE гэж гарсан байна. Энэ нь A1 нүдний мэдээлэлд тоон мэдээлэл байна гэдгийг илэрхийлж байна. Харин B2 нүдний мэдээлэл FALSE гэсэн үр дүн гарсан байна. Энэ нь A2 нүдний утганд тоон мэдээлэл байхгүй байгааг илэрхийлж байна.
Дээрх жишээтэй холбоотойгоор өөр нэгэн жишээг авч үзье. A1 нүдэн дэх мэдээллийн эхний 2 тэмдэгт дотор тоон мэдээлэл агуулагдаж байгаа эсэхийг шалгая. Үүнийг шалгахын тулд бид дээрх томьёог LEFT функцээр өргөтгөнө. Өргөтгөсөн томьёолол дараах хэлбэрээр бичигдэнэ.
=COUNT(FIND({0,1,2,3,4,5,6,7,8,9},LEFT(A1,2)))>0
B1 нүдний үр дүн FALSE гэсэн утга гарна. Учир нь A1 нүдний утгын эхний хоёр тэмдэгт дотор тоон мэдээлэл агуулагдаагүй байна. Гэх мэтчлэнгээр A2:A5 мужийн мэдээллийн шалгая. Үр дүн дараах зурагт үзүүлснээр гарсан байна.
Дээрх үр дүнгийн хувьд B3, B4 нүдний утгууд TRUE гэсэн үр дүн гарчээ. Энэ нь A3, A4 нүднүүдэд агуулагдах утгуудын эхний 2 тэмдэгт дотор ямар нэгэн тоон мэдээлэл агуулагдаж байгааг илэрхийлж буй хэрэг юм. Зиак ингээд асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Хэзээ нэгэн цагт танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх