Өгөгдсөн листны хамгийн сүүлийн утгыг тодорхойлох

Зиак эрхэм Exceler-үүдэд амралтын өдрийн мэндийг хүргье. Ойрд ажил төрөл ихтэй байсан болоод нийтлэл бичих завгүй өдөр хоногуудыг өнгөрөөлөө. Та бүхний ажил төрлүүд бүгд сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд нягтлан найзууд маань тайлан тооцоогоо амжиллтай өгч дуусгасан гэдэгт бас итгэлтэй байна. Өнөөдөр миний хувьд өөрт тулгарсан нэгэн асуудлыг хэрхэн шийдсэн тухай нийтлэл бичихээр шийдвэрлэлээ. Энэ бол өгөгдсөн листний хамгийн сүүлийн утгыг хэрхэн тодорхойлсон тухайн нийтлэл юм.

Үүссэн асуудал:

Sheet-ийн A1:A10 мужид дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна.

2014-10-25-02

Энэхүү мэдээллээс хамгийн сүүлийн утгыг тодорхойлох шаардлагатай болсон.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Асуудлын шийдэл маш энгийн. Бид ганцхан VLOOKUP функцийг ашиглах замаар дээрх асуудлыг хялбархан шийдэж чадна. VLOOKUP функцийн талаар ЭНД дарж уншаарай. Бид VLOOKUP функцийн Range lookup талбарыг гол төлөв FALSE гэсэн утгаар ашигладаг. Өөрөөр хэлбэл хайлт хийж байгаа утгатай яг адилхан утгыг олох зорилгоор FALSE төлвийг ашигладаг. Тэгвэл энэ удаад TRUE төлвийг ашиглах замаар хайлтыг хийцгээе. Өөрөөр хэлбэл C1 нүдэнд дараах томьёог бичиж оруулъя.

=VLOOKUP(99999999999,A1:A10,1,TRUE)

Энэ томьёоны үр дүн сонгогдсон мужийн хамгийн сүүлийн утга буюу 503 гэсэн хариуг гаргаж байна.

2014-10-25-03

Энэ нь VLOOKUP функцийг ашиглах замаар A1:A10 муж дотроос 99999999999 гэсэн хангалттай их тоог хайж байгаа томьёолол юм. Мэдээж A1:A10 мужид энэ тоо байхгүй учраас тухайн мужийн хамгийн доод утгыг хариу болгон авч байна.

Энд нэг зүйлийн тайлбарыг хийх нь зүйтэй байх. VLOOKUP функцийг TRUE төлвөөр ашиглаж байгаа тохиолдолд VLOOKUP() функц эхлээд table_array буюу сонгогдсон баганаас хайж буй утгатай яг адил утгыг хайна. Хэрэв байхгүй бол хайлт хийж буй утгаас бага утгуудын хамгийн их утганд харгалзах утгыг сонгогдсон баганаас олдог гэсэн тодорхойлолт байдаг. Үүнийг VLOOKUP функц гэсэн нийтлэлээс уншаарай.

Тэгэхээр энэ тодорхойлолт маань яагаад дээрх асуудлыг хувьд хэрэгжсэнгүй бэ? Тодорхойлолт ёсоор бол дээрх томьёоны хариу 786 гэсэн тоог хариу болгон авах ёстой. Яагаад гэвэл 9999999999 тооноос бага утгуудын хамгийн их утга нь 786 гэсэн тоо байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Гэтэл мужийн хамгийн доод утга буюу 503 гэсэн тоог хариу болгон авсан байна. Тэгвэл яагаад гэдгийг одоо тайлбарлая.

VLOOKUP функцийн тодорхойлолт бол тухайн муж өсөх эрэмбээр эрэмблэгдсэн тохиолдолд хэрэгжинэ. Гэтэл бидний асуудлын хувьд VLOOKUP мужид сонгогдсон мэдээлэл эрэмблэгдээгүй учраас мужийн хамгийн доод утгыг хариу болгон авч байна. Гол шалтгаан нь энэ юм. Та бүхэн энэ талаар туршаад үзээрэй.

Бидний шийдсэн дээрх асуудал бол зөвхөн тоон утгын хувьд хэрэгжиж байгаа томьёолол юм. Тэгвэл текстэн төрлийн утга агуулсан мэдээлэлд бидний томьёо ажиллахгүй. Иймээс дараагийн нийтлэлээр текстэн төрлийн мэдээлэл агуулсан мужийн хамгийн доод утгыг хэрхэн тодорхойлох талаар өгүүлэх болно. Танд амжил хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд