Хүснэгт харьцуулах тест

Зиак залуучуудад оройн мэнд хүргэе. Манай эмэгтэйчүүд маань эрхээ эдлээд тун завгүй явж байх шиг байна. Би ч арын албыг хариуцаад гэрт үлдэв. Нэгэнт зав гарсан болохоор өнөөдөр дахин нэг нийтлэл бичихээр шийдлээ. Бид Excel программ дээр ажиллаж байх явцад өгөгдсөн хоёр хүснэгт өөр хоорондоо ижилхэн эсэхийг шалгах шаардлага байнга гардаг. Ер нь хүснэгтэн мэдээллийг өөр хооронд нь харьцуулахад нэлээд  гар ажиллагааг шаардаад байдаг талтай. Гэхдээ өгөгдсөн хоёр хүснэгтийг заавал нэг бүрчлэн тулгаж, хаанаа зөрүүтэй байгааг олох шаардлагагүйгээр зөвхөн энэ хоёр хүснэгт өөр хоорондоо ижилхэн байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй үе гардаг. Энэ тохиолдолд нүсэр томъёолол бичихгүйгээр гялс манас шалгачих хэрэгтэй. Иймээс өнөөдрийнхөө 2 дахь нийтлэлээр хоёр хүснэгтийг өөр хоорондоо адил эсэхийг хэрхэн хялбархан аргаар шалгах тухай авч үзэх болно.


Үүссэн асуудал

Бидэнд дараах зурагт үзүүлсэн хоёр төрлийн хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна.

Бидэнд энэ 2 хүснэгтэн мэдээлэл өөр хоорондоо яг адил эсэхийг мэдэх шаардлага гарсан. Бидэнд энэ хоёр хүснэгтэн мэдээлэл өөр хоорондоо ялгаатай, эсвэл яг адилхан гэсэн хоёр хариултын аль нэг нь л хэрэгтэй. Тэгвэл энэ хариултыг хамгийн хялбар аргаар хэрхэн олох тухай одоо авч үзье.


Асуудлыг шийдвэрлэсэн нь

Дээрх асуултын хариултыг A8 нүдэнд тодорхойлно. Энэ асуудлыг шийдвэрлэхэд бид энгийн SUM функцийг ашиглана. Юуны өмнө бид A8 нүдэнд дараах томъёоллыг бичнэ.

=A1:C5=E1:G5

Дээрх томъёоны үр дүнг Ctrl+Shift+Enter коммандаар гаргах ба үр дүн TRUE гэж гарна. Гэхдээ энэ нь эхний үр дүн буюу A1 болон E1 нүдийг харьцуулан үр дүн юм. Энэ үр дүнгийн цаад талд дараах үр дүнгүүд гарсан болно. Үүнийг та бүхэн F9 товчний тусламжтайгаар харж болно.

={TRUE,TRUE,TRUE;TRUE,TRUE,TRUE;TRUE,TRUE,
TRUE;TRUE,TRUE,TRUE;TRUE,TRUE,TRUE}

Excel программд TRUE гэсэн утга нь 1 гэсэн тоон утгыг илэрхийлдэг. Харин FALSE гэсэн утга нь 0 гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр =A1:C5=E1:G5 илэрхийллийн үр дүн үнэ бол 1, худал бол 0 гэсэн үр дүнгүүд гарч байгаа учраас эдгээр үр дүнгүүдээс 1 гэсэн утыг шууд хасч томъёололд оруулая.

=(A1:C5=E1:G5)-1

A8 нүдний үр дүн ={0,0,0;0,0,0;0,0,0;0,0,0;0,0,-1}

Тэгэхээр бидний бичсэн томъоны хувьд хэрэв хүснэгтийн харгалзах утгууд өөр хоорондоо ижил байвал үр дүн 0 гарна. Хэрэв ялгаатай бол -1 гарна. Үр дүнг бүр тодорхой болгох үүднээс бичсэн томъёоллын гадна талд SUM функцийг оруулж ирье.

=SUM((A1:C5=E1:G5)-1)

Ингэснээр зөрүүтэй утгуудын нийлбэр тодорхойлогдоно. Томъёоны үр дүн -1 гэж гарч байна. Тэгэхээр энэ нь өгөгдсөн хоёр хүснэгтийн хувьд 1 мэдээлэл зөрүүтэй байна гэсэн үг юм. Хэрэв үр дүн -2 гарвал 2 ширхэг мэдээлэл зөрүүтэй байна гэсэн үг. Хэрэв A8 нүдний утга 0 гарвал өгөгдсөн хоёр хүснэгт өөр хоорондоо яг адилхан байна гэсэн үг юм.

A8 нүдний утгыг бүр тодорхой болгож TRUE эсвэл FALSE гэсэн үр дүнг гаргадаг болгоё. Үүнийг тулд бид A8 нүдний томъёоллыг дараах байдлаар өргөтгөнө.

=SUM((A1:C5=E1:G5)-1)=0

A8 нүдний үр дүн FALSE гэж гарч байна. Энэ нь өгөгдсөн хоёр хүснэгт өөр хоорондоо ялгаатай байна гэдгийг илэрхийлж буй хэрэг юм. Хэрэв үр дүн TRUE гэж гарвал 2 хүснэгт өөр хоорондоо яг адил гэсэн утгыг илэрхийлнэ. Ингээд л бидний асуудал шийдэгдлээ. Та бүхэнд амжилт хүсье.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд