Зиак. Та бүхэн сайхан амарч байна уу. Өнөөдөр Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойн баярын өдөр. Бас удахгүй шинэ он гарах гэж байна. Ойрд ажил ихтэй байсан болоод нийтлэл оруулж амжихгүй нэлээд удлаа. Өнөөдрийн нийтлэл маань энэ оны Excel техникийн хувьд сүүлийн нийтлэл болж таарч байх шиг байна. Маргааш болон нөгөөдөртөө та бүхэнд талархлын нийтлэл, мэндчилгээнүүдийг дэвшүүлэх болно. Зиа ингээд өнөөдрийнхөө нийтлэлийг эхлэе.
Өнөөдөр та бүхэндээ нэг хөнгөхөөн техникийн талаар танилцуулахаар бэлдлээ. Хэдийгээр энгийн мэт боловч практик хэрэглээ ихтэй чухал техник юм шүү. Бид хүснэгтэн мэдээлэлтэй ажиллаж байх явцад тухайн хүснэгтийн мөрийг дугаарлах шаардлага байнга гардаг. Энэ дугаарлалтыг бид стандарт болсон ганц хоёрхон аргаар хийдэг. Гэхдээ тэдгээр аргууд нь мөр дугаарлалтын хувьд тийм ч төгс техник биш. Гэхдээ яахав хэрэгцээ шаардлагыг маань хангаад л байдаг боловч алдаа дутагдал их гардаг.
Жишээлбэл бидэнд дараах хүснэгтэн мэдээлэл өгөгдсөн байна.
Энэхүү мэдээллийн эхний багананд дэс дугаар оруулах шаардлагатай болжээ. Энэ мэдээлэлд дэс дугаар оруулахдаа хамгийн өргөн ашигладаг 2 аргыг ашиглая.
Томьёо бичих замаар дугаарлах
Энэ арга бол маш энгийн. Эхний мөрөнд 1 гэсэн утга оруулаад, дараагийн нүдэнд =A2+1 томьёог бичнэ. Манай жишээний хувьд A2 нүдэнд 1 гэсэн утгыг оруулна. A3 нүдэнд =A2+1 гэсэн томьёог бичнэ.
Ингээд A3 нүдний томьёог доош нь чирэх замаар бусад мөрүүдийг дугаарлана.
Энэ аргыг бараг Excel хэрэглэдэг хүн болгон ашигладаг байх. Энэ аргыг ашиглаж байгаа нөхцөлд дундаас нь аль нэг мөрийг устгахад #REF! гэсэн асуудал үүсдэг. Жишээлбэл би дээрх зурагт үзүүлсэн мэдээллээс 6-р мөрийг устгая. Энэ тохиолдолд дараах зурагт үзүүлсэн асуудал үүсч байна.
Энэ мөр дугаарлах техникийн гол дутагдал нь #REF! гэсэн алдаа юм.
Дэс дараалал бүхий тоон утга чирэх замаар дугаарлах техник
Энэ аргыг мөн л манай Exceler-үүд түгээмэл ашигладаг. Энэ техникээр мөр дугаарлахдаа эхний гурван мөрөнд харгалзан 1, 2, 3 гэсэн утгуудыг оруулж, улмаар тухайн дугаар оруулсан утгыг сонгож, чирэх замаар бусад мөрүүдийг дугаарладаг. Манай жишээний хувьд A2 нүдэнд 1, A3 нүдэнд 2, A4 нүдэнд 3 гэсэн утгыг оруулна.
Одоо A2:A4 мужийг сонгож, доош нь чирэх замаар бусад мөрүүдийг дугаарлана.
Энэ техникийн гол дутагдал нь дундаас нь аль нэг мөрийг устгахад дэс дугаарлалт алдагддаг. Жишээлбэл би 4-р мөрийг устгая. Энэ тохиолдолд дэс дугаарлалтанд 4-р мөр гэж байхгүй болно.
Өөрөөр хэлбэл 3 гээд шууд 5-р мөр үргэлжлээд дугаарлагдаж байна.
Тэгвэл одоо дээрх хоёр техникийн гол дутагдлыг нөхсөн нэгэн томьёоллыг бичие. Өөрөөр хэлбэл хүснэгтээс дурын нэг мөр устгахад автоматаар устсан мөрийг дугаарыг үүсгэдэг томьёолол юм.
Мөр дугаарлах динамик томьёолол
Энэ техникээр мөр дугаарлахдаа бид ROW функцийг ашиглана. ROW функц нь тухайн функц бичигдсэн мөрийн дугаарыг тодорхойлох зориулалт бүхий функц юм.
Юуны өмнө хүснэгтийн эхний мөрөнд =ROW() гэсэн томьёог бичнэ. Ингэснээр хүснэгтийн эхний мөр Excel программын хэд дэх мөрөнд байгааг тодорхойлно. Манай жишээний хувьд A2 нүдэнд =ROW() гэж бичнэ. Үүний үр дүнд A2 нүдэнд 2 гэсэн үр дүн гарна.
Эндээс хүснэгтийн эхний мөрөнд 1 гэсэн утга гаргахын тулд бид 2 гэсэн утгаас хэдийг хасах бэ гэдгийг тодорхойлно. Мэдээж 2-оос 1-ийг хасч байж 1 гэсэн утга гарна. Иймээс бид A2 нүдэнд бичсэн =ROW() томьёоноос 1-ийг хасч өгнө. Өөрөөр хэлбэл A2 нүдэнд =ROW()-1 гэсэн томьёог бичнэ.
Энэ томьёоны үр дүн 1 гэж гарна. Ингээд одоо A2 нүдний томьёог доош нь чирч, бусад мөрүүдийг дугаарлана.
Энэ мөр дугаарлалт динамикаар дугаарлагдсан тул дурын нэг мөрийг устгахад хүснэгтийн дэс дугаарлалт алдагдахгүй. Одоо туршаад үзье. Хүснэгтийн 5-р мөрийг устгая. Үр дүнгд дараах зурагт үзүүлэв.
5-р мөрийг устгасан ч #REF! гэсэн алдаа гарсангүй, хүснэгтийн дэс дугаар ч алдагдсангүй. Учир нь бид мөр дугаарлалтыг динамикаар томьёолсон. Энэ аргын хувьд ямар тохиолдолд дэс дугаарлалт алдагдах бэ гэхээр хүснэгтийн дугаарлалтанд ороогүй хүснэгтийн дээд хэсгээс ямар нэгэн мөрийг устгах эсвэл шинээр мөр нэмэх үед хүснэгтийн эхлэх дугаар өөрчлөгдөх эрсдэлтэй байдаг. Жишээлбэл би хүснэгтийн дээд хэсэгт буюу 1-р мөрөнд шинээр нэг мөр оруулая. Энэ тохиолдолд хүснэгтийн дугаарлалт хэрхэн өөрчлөгдөж байгаа та бүхэн анзаараарай.
Хүснэгтийн дугаарлалт 2-оос эхэлж байна. Учир нь ROW функц 3-р мөрөнд бичигдсэн бөгөөд бидний хассан утга маань 1 гэсэн утга байгаа. Иймээс хүснэгтийн эхний дугаар 2-оос эхэлж байна. Үүнийг 1-ээр эхлүүлэхийн тулд бид томьёонд өөрчлөлт оруулж =ROW()-2 гэж бичиж өгнө.
Зиак ингээд хүснэгтийн мөр дугаарлах 3 техникийн талаар та бүхэндээ танилцууллаа. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
өөр хэгтэй юм оруулалдаа
Баярлалаа, хэрэгтэй арга байна шүү.
TNKS. HEREGTEI YUM B