Excel программ дээр томьёо бичих явцад түгээмэл тулгардаг нэг асуудал бол таслал ба цэг таслалын асуудал юм. Дийлэнх Exceler-үүд Excel программ дээр томьёо бичихдээ таслал ашигладаг. Гэтэл зарим Exceler-үүдийн Excel программ нь цэг таслал ашиглахыг шаарддаг. Exceler-үүд энэ талаар мэддэг ч яагаад ингээд байдагийг нь төдийлөн сайн ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй байх. Excel программ нь таслал ашиглаж байгаа бол таслалыг нь ашиглаад, цэг таслал ашиглаж байгаа бол цэг таслалыг нь ашиглаад л явж байдаг. Өөрөөр хэлбэл Excel программдаа дасан зохицоод л томьёогоо бичээд явдаг гэсэн үг.
Тэгвэл Excel программ дахь таслал ба цэг таслалын зөрүүтэй байдал нь таныг Excel программ дээр ажиллахад хэрхэн нөлөөлөх талаар товч танилцуулъя. Энэ асуудал нь хэдийгээр тийм ч сүртэй асуудал биш боловч зарим тохиолдолд таны алтан цагаас тодорхой хэмжээнд хумаслах болно.
Хэрэв та Excel программд томьёо бичихдээ байнга таслал ашиглаад сурчихсан бол цэг таслал ашигладаг Excel программ дээр төдийлөн хурдтай ажиллаж чадахгүй. Яагаад гэвэл та томьёо бичих болгондоо таслал ашиглах гээд байх болно. Нөгөө талаас цэг таслал ашиглан бичсэн хэн нэгний томьёог өөрийнхөө Excel файлд хуулах үед таслал ба цэг таслалын зөрүү үүснэ. Энэ тохиолдолд та бүх цэг таслалыг ганцхан таслал болгож хувиргах ажилтай болно. Гэх мэтчилэнгээр жижиг сажиг асуудлуудыг байнга дагуулдаг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх бэ гэсэн зөвлөмжийг танд өгье.
Мэдээж таслал ашигладаг Excel программ, цэг таслал ашигладаг Excel программ гэсэн хоёр төрлийн Excel программ байна гэж байхгүй. Ганцхан таны компьютерийн тохиргоонд л асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл таны компьютерийн тоон форматын тохиргоо. Үүнийг л өөрчилж, стандарт төлөвт оруулах шаардлагатай. Хэрхэн өөрчлөх талаар дараах зааварыг дагаарай.
1. Та компьютерийнхаа Control Panel фолдерийг нээнэ.
2. Region and Language коммандыг өгч, Region and Language цонхыг нээнэ.
3. Тус цонхны Formats хуудасны Format: хэсгээс English (United States) гэсэн сонголтыг хийнэ.
4. Additional settings … коммандыг өгч, Customize Format цонхыг нээж, List separator: хэсгээс , (таслал) ; (цэг таслал) гэсэн аль нэг сонголтыг хийнэ. Мэдээж таслалыг сонговол Excel программд таслалаар томьёо бичигдэнэ. Хэрэв цэг таслалыг сонговол Excel программд цэг таслалаар томьёо бичигдэнэ.
Ингээд OK коммандыг өгч, нээсэн цонхнуудыг хаана. Энэ бүгдийн үр дүнд таны Excel программд томьёо таслалаар бичигдэх үү эсвэл цэг таслалаар бичигдэх үү гэдэг нь тодорхой болно. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх