Өнгөрсөн шөнө УБ-д бороо ороод, өглөө босоход чийг үнэртээд сайхан өглөө намайг угтлаа. Бороо хэр их орсныг хэлж мэдэхгүй ч ямар ч байсан нэлээдгүй газрыг чийгэлж өгсөн шинжтэй байсан. Нийтлэл бичээгүй нэлээд удсан байна. Хүмүүс ч нэлээд хүлээсэн шинжтэй. Ямар ч байсан ажлын сүүлийн өдөр болж байна. Нэг нийтлэл бичээд энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдрийг үдье дээ. Өнөөдрийн нийтлэл маань Excel программ дахь системийн огноог тодорхойлох гэсэн сэдэвтэй. Энэ нийтлэл маань ерөнхийдөө асуудал шийдээгүй, зүгээр л техникийн зөвлөмж юм шүү. Гэхдэ маш чухал техникийн зөвлөмж гэдгийг сануулъя.
Системийн огнооны формат гэж юу бэ?
Excel программ дахь он сар өдөр. Энэ бол зүгээр л тоо. Excel программ дээр энгийн нэгэн тоог огнооны форматанд хөрвүүлэхэд бидний мэдэх огноо маань үүснэ. Ямар ч огнооны ард тоо агуулагдаж байгаа. Энэ талаар жишээн дээр тайлбарлая.
Надад 10, 600, 8125 гэсэн 3 тоо өгөгдсөн байна. Эдгээр 3 тооны ард ямар огноо байгааг тодорхойлоё. Үүний тулд Excel программын A1, A2, A3 нүдэнд дээрх 3 тоог оруулая.
Эдгээр 3 тооны огноо төлвийг тодорхойлохын тулд A1:A3 мужийг сонгоод, хулганын баруун товчийг дарж, Format Cells коммандыг өгнө.
Үүний үр дүнд Format Cells цонх нээгдэх ба тус цонхны Number хуудаснаас зурагт үзүүлсний дагуу Date форматыг сонгоно. Ингээд OK коммандыг өгөхөд A1:A3 мужийн тоон утгууд огноо төлөвт шилжинэ.
тэгэхээр тоон утга маань огноо төлөвт шилжиж байна. Өөрөөр хэлбэл тоон утгын харагдах байдлыг өөрчлөөд л огноо төлөвт оруулчихаж байгаа учраас үндсэн мэдээлэл маань тоо гэсэн шинж чанараа алдаагүй байгаа. Иймээс бид огнооны мэдээлэлүүдийг өөр хооронд нь нэмэх, хасах, үржих, хуваах гэх мэт математикын операторуудыг ашиглах боломжтой гэсэн үг.
Гэтэл дийлэнх Exceler үүдийг огнооны мэдээллийг EXCEL программд оруулахдаа тоон утга гэж төсөөлөхгүйгээр өөр өөрсдийнхөө бодлоор ямар ч төрлийн огнооны форматын загвараар бичиж ашигладаг. Энэ үйлдэл нь тоон төрлийн мэдээлэл байх ёстой өгөгдлийг текстэн төрлийн мэдээлэл болгож хувиргадаг. Тэгэхээр бид Excel программд огноо оруулахдаа огноог ямар форматаар оруулбал Excel программ огноо гэж таних бэ гэдгийг мэдэх хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл компьютер маань тогтсон нэг форматаар огнооны мэдээлэл оруулбал тэрхүү мэдээллийг огноо гэж хүлээн авна. Эсрэг тохиолдолд текст гэж хүлээн авна гэсэн программчлал юм. Үүнийг л системийн огнооны формат гэж нэрлээд байгаа болно.
Дээрх огнооны хувьд формат нь dd/mm/yyyy гэсэн ташуу зураасаар тусгаарлагдсан форматаар илэрхийлэгдсэн байгааг та бүхэн харж байна. Энэ бол зүгээр л огнооны формат юм. Яг системийн огнооны формат мөн үү биш үү гэдгийг хараад мэдэж чадахгүй. Яагаад гэвэл бид Format Cells цонхоор огнооны форматыг өөрчилж чадна.
Гэхдээ та бүхэн системийн огнооын формат заавал ташуу зуураасаар тусгаарлагдан илэрхлэгдэх ёстой гэж ойлгож болохгүй. Ямарч хэлбэрээр тусгаарлагдаж болно. Жишээлбэл цэгээр, таслалаар, эсвэл зураасаар тусгаарлагдаж болно.
- 2014.01.15
- 1.25.2013
- 2013-01-23
- 5-31-2014
Дээрх огнооны форматыг бид хараад тэр нь буруу формат, тэр нь зөв формат гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл таны ашиглаж буй компьютерт огноог ямар форматаар илэрхийл гэж тохируулсан байна, тэр л форматаар Excel программ огноог илэрхийлнэ.
Системийн огнооны форматыг хэрхэн тодорхойлох бэ?
Системийн огнооны форматыг тодорхойлох арга нь маш энгийн. Excel программын дурын нэг нүдэнд өнөөдрийнхөө сар/өдөр гэж бичээд ENTER товчийг дарна. Жишээлбэл би Excel программын A1 нүдэнд 4/11 гэж бичээд ENTER товч дарая. Үр дүнг дараах зурагнаас үзээрэй.
ENTER товч дарсны дараагаар A1 нүдэнд гарах формат чухал биш. Үүнийг бид Format Cells коммандаар ашиглан дурын байдлаар өөрчилж чадна. Хамгийн гол формат бол Formula Bar-д үүссэн огнооны формат юм. Энэ формат бол системийн огнооны форматийг илэрхийлнэ. Миний ашиглаж байгаа системийн огнооны формат DD/MM/YYYY хэлбэртэй байна.
Системийн огнооны форматыг хэрхэн өөрчлөх бэ?
Системийн огнооны форматыг бид Excel программ дээр өөрчлөх боломж байхгүй. Иймээс бид компьютерийнхаа CONTROL PANEL фолдер дахь огнооны тохиргоог ашиглана. CONTROL PANEL цонхноос Regional and Language Options сонголтыг хийнэ.
Би энэхүү нийтлэлийг XP үйлдлийн системтэй компьютер дээр бичсэн. WIN7, WIN8-аас бага зэрэг өөр байж магадгүй. Гэхдээ бараг адилхан байх.
Ингээд Regional and Language Options гэсэн цонх үүснэ. Та тус цонхноос таны компьютерийн системийн огнооны формат ямар хэлбэртэй байгааг харж болно.
Тэгэхээр та Excel программд огнооны мэдээлэл оруулах гэж байгаа бол системд тодорхойлогдсон огнооны форматаар л огноог оруулах шаардлагатай гэдгийг анхаараарай. Хэрэв та системийн огнооны форматыг өөрчлөх гэж байгаа бол дээрх зурагт үзүүлсэн Customize… гэсэн товч дээр дарж, Customize Regional Options цонхыг нээх замаар өөрийн бичиж сурсан форматыг сонгох хэрэгтэй.
Хүмүүс Excel программд огноо бичих үед нийтлэг гаргадаг алдаа бол системийн огнооноос өөр форматаар огноог бичих явдал юм. Жишээлбэл системийн огноо 1/31/2014 гэсэн форматаар бичиж байхад хүмүүс 2014-01-31 эсвэл 1.31.2014 гэх мэтчилэнгээр форматыг зөрүүлж бичдэг.
Системийн огнооны форматаас зөрүүлж бичсний хор уршиг
Excel программд систмеийн огнооноос гадуур форматаар огноог бичсэн тохиолдолд Excel программ тэрхүү мэдээллийг огноо гэж хүлээж авахгүй. Үүнээс болж огноо ашигласан мэдээлэлд томьёо тооцоолол, загварчлал хийх боломжгүй болно. Ингэснээр цаг хугацаа алдах, алдаа мадаг гарах эрсдэл үүснэ. Та мэдээллийг хялбарчлан боловсруулах ямар ч боломжгүй болно гэсэн үг. Иймээс та огнооны төрлийн мэдээлэл бичих гэж байгаа бол заавал системийн огнооын форматаар огноогоо оруулж байгаарай.
Сэтгэгдэл үлдээх