Нүдний хязгаарлалт [1-2]

Зиаа ….. та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд ч мэдээ оруулсангүй нилээд удлаа. Энэ хугацаанд нэгэн зочины захиалсан программыг бичээд жоохон завгүй л байлаа. Программ гэхээр сүрхий том программ биш юм шүү. Ер нь тэгээд Excel программ дээр загварчилсан тооцоолуурыг программ гэж хэлэх нь зөв ч юм уу буруу ч юм уу ёстой бүү мэд. Би өөрөө л программ гээд хэлээд байгаа юм. Гэхдээ л бидний бичсэн тооцоолуурууд хэр барагын программаас дутахгүй шүү. За энэ ч яахав өнөөдрийнхөө нийтлэлийг бичие.

Нүд гэхээр та бүгд хүний нүд гэж андууруузай. Мөн та бүгд “НҮДНИЙ ХЯЗГААРЛАЛТ” гэхээр харах орон зайн хязгаарлалт гэж ойлгож, бухимдаж болохгүй шүү. Энэ бол зүгээр л Excel программын нүд юм шүү. Засаг төр нийгэмдээ элдэв хязгаарлалт хийж болоод байхад бид яагаад Excel программдаа элдэв хязгаарлалт хийж болохгүй гэж. Excel программын нүд гэдэг чинь оруулсан болгоныг хүлээж авдаг хогийн сав гэж биш юм шүү гэдийг ойлгуулах үүднээс энэхүү нийтлэлийг бичлээ. Ха ха аймар улс төржив үү.

Та бүгд MS Excel программын Data/Data Tools/Data Validation хэрэгсэлийг мэднэ биз дээ. Энэ талаар чинь бид өмнө нь зөндөө л нийтлэл бичсэн. Та бүгд хараахан олж уншаагүй бол Сайтын хайх хэсэг дээрээс Data validation гэж бичээд уншиж болно. Энэ л талбар дээр чинь жинхэнэ хязгаарлалтуудыг хийдэг юм шүү дээ хүүхдүүдээ. Нүдний хязгаарлалт хийдэг үндсэн цонхыг доорх зурагт үзүүлэв.

Эхний хязгаарлалт бол Any value хязгаарлалт юм. Нүдний хязгаарлалтыг мэдээж Allow талбарт оруулж өгнө. Анхны утга буюу Default value нь Any value буюу Монголчилж орчуулбал ХОГИЙН САВ гэж ойлгож болно. Тухайн нүдэнд хогийн сав шиг юу ч бичиж болно гэсэн үг.

ХЯЗГААРЛАЛТЫН ТӨРӨЛҮҮД

Data Validation цонхонд нийт 8 төрлийн хязгаарлалт байдаг. Үүнд:

  1. Any value – Энэ талаар дээрх хэсэгт дурьдсан болно.
  2. Whole number – Бүхэл тоон хязгаарлалт. Сонгогдсон мужид зөвхөн бүхэл тоон утга л авдаг. Гэхдээ бүхэл тоон утгаа олон шалгуураар хязгаарлалт тавьж болно. Жишээлбэл өгөгдсөн хоёр тооны хоорон утга авна. Эсвэл өгөгдсөн тооноос зөвхөн их утга авна гэх мэтчилэнгээр хязгаарлаж болно.
  3. Decimal – Бүхэл тоон хязгаарлалттай төстэй. Гэхдээ бутархай тоо авна. Үүгээрээ л ялгаатай юм.
  4. List – Бидний сайн мэддэг Data лист хязгаарлалт юм. Бид энэ төрлийн хязгаарлалтыг ашиглах мөн ч их дуртай даа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл үзье гэвэл ЭНЭ линкээр орж үзээрэй.
  5. Date – Огнооны утгаар нүдийг хязгаарлах сонголт юм. Энэ нь бүхэл тоон хязгаарлалттай төстэй. Туршаад үзээрэй та бүгд.
  6. Time – Энэ нь цаг хугацаагаар хязгаарлалт хийнэ. Мөн л өмнөх хязгаарлалтуудтай төстэй.
  7. Text length – Нүдэн авах текстэн утгуудын тэмдэгтээр хязгаарлана. Мөн л холбогдох олон төрлийн хязгаарлалтуудыг өөртөө агуулж байдаг.
  8. Custom – Энэ бол маш чухал хязгаарлалт юм. Дурын хязгаарлалтыг Excel хэрэглэгч өөрөө зохиож оруулдаг.

БҮХЭЛ ТООН ХЯЗГААРЛАЛТ-ын талаар нэгэн жишээ авч үзье. Сонгогдсон нүдэнд зөвхөн бүхэл тоог л оруулна. Гэхдээ бүхэл тоо нь тодорхой утгуудын хүрээнд байж болно. Жишээлбэл хоёр бүхэл тооны хооронд дахь утгуудыг, эсвэл өгөгдсөн утгаас их утгуудыг гэх мэтээр тохируулж болно.

Data Validation цонх бүрэн харагдахгүй болохоор нь харагдаагүй хэсгийг суман дүрсээр зааж дээрх зурагт үзүүлэв. Data талбарт бүхэлт тоонд ямар төрлийн хязгаарлалт хийх сонголтууд байна. Сонголтуудыг та бүгд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байлгүй дээ. Энэ хязгаарлалттай холбоотой нэгэн жишээ авч үзье. MS Excel программын A1:A5 мужид 100-1000 хооронд утга авдаг хязгаараллт хийе. Үүний тулд дараах алхамыг хийж гүйцэтгэнэ.

1. А1:A5 мужийг сонгоно.

2. Data/Data Tools/Data Validation цонхыг нээж дараах тохируулгыг хийнэ.

Одоо OK коммандыг өгөхөд сонгогдсон мужид зөвхөн 100-1000-ын хооронд л утга авна. Та бүгд өөрсдөө туршаад үзээрэй.

TEXT LENGTH хязгаарлалтын талаар жишээ авч үзье. А1:A5 мужид 10-аас бага тэмдэгт орсон үг авдаг хязгаарлалтыг хийе.

1. А1:A5 мужийг сонгоно.

2. Data/Data Tools/Data Validation цонхыг нээж дараах тохируулгыг хийнэ.

Одоо OK коммандыг өгөхөд сонгогдсон мужид зөвхөн 100-1000-ын хооронд л утга авна. Та бүгд өөрсдөө туршаад үзээрэй. Гэх мэтчилэнгээр өөр шаардлагатай хязгаарлалтуудыг хийж болно.

ХЯЗГААРЛАЛТЫН САНАМЖУУД

Data Validation цонхонд Input Message цонх байгааг та бүгд анзаарсан биз. Энэ тухайн хязгаарлалт хийж буй нүдний санамжийг оруулж өгч болдог. Олон зүйлийг нуршилгүйгээр доорх тайлбар зургыг үзэхэд бараг ойлгоно биз дээ.

Data Validation-ийн дараагийн нэг цонх бол Error Alert цонх юм. Энэ цонх нь хэрэглэгч тухайн хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд анхааруулах дохио юм. Энэ тохиргоог хийгээгүй нөхцөлд автоматаар “The value you entered is not valid” гэсэн анхааруулгыг өгдөг. Дараах зурагт үзүүлэв.

Энэ анхааруулгын утыг өөрчлөн Error Alert цонхонд оруулж болно.

Хэрэв сонгогдсон нүдэнд 10-аас дээш тэмдэгт агуулсан үг орвол дараах алдааг заана. Үүнд:

За ингээд өнөөдрийн нийтлэлийг үүгээр өндөрлөе. Дараагийн нийтлэлээр CUSTOM гэсэн хязгаарлалтыг хэрхэн ашиглах талаар авч үзэх болно. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ……

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд