Мөрийн дагуу тодруулагч хэрхэн хийх бэ?

Оройн мэнд залуучууд. Энэ орой Саудын Араб үнэхээр тодорч байна даа. Нөгөө алдарт Аргентины багыг маань 2:1 харьцаатай хожиж, Аргентины шигшээ багын хөгжөөн дэмжигчдийг тархинд цусыг харвууллаа. Иймээс энэ орой тодорч байгаа Саудын Араб-ийн багт зориулж, Excel программ дээр хамгийн хялбархан аргаар ТОДРУУЛАГЧ буюу HIGHLIGHTER хэрхэн хийх тухай нийтлэл бичихээр шийдлээ.

Юуны өмнө ТОДРУУЛАГЧ гэж юу болох талаар дараах бичлэгээр та бүхэнд тайлбарлая. Өөрөөр хэлбэл сонгосон мэдээллийн дагуух мөрийн мэдээлэл өнгөөр будагдаж харагдах процесс юм. Үүнийг л тодруулагч гэж нэрлэсэн болно.

Одоо дээрх хөдөлгөөнт зурагт үзүүлсэн тодруулагчийг хэрхэн хийх талаар та бүхэндээ тайлбарлая. Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Уг мэдээлэл нь FIFA 2022 World Cup тоглолтын хуваарь болно. Энэхүү мэдээлэлд тодруулагч хийцгээе.

Нэн тэргүүнд бид өгөгдсөн мэдээллийг идэвхжүүлэх буюу сонгоно. Манай жишээний хувьд A2:F49 мужийг сонгосон болно. Үүний дараагаар HOME цэсний Conditional Formatting хэсгээс New Rule… сонголтыг хийж, New Formatting Rule цонхыг нээнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

New Formatting Rule цонхноос Use a formula to determine which cells to format гэсэн сонголтыг хийж, үүний үр дүнд үүсэх Format values where this formula is true: талбарт дараах томъёоллыг бичиж оруулна. Үүнд:

=ROW()=CELL("ROW")

Мөн тус цонхны баруун доод буланд байрших Format… товч дээр дарж, Format Cells цонхны Fill хэсгээс өнгө сонгоно. Манай жишээний хувьд дээрх зурагт харуулсан шаргал өнгийг сонгосон болно. Ингээд OK коммандуудыг өгч, Conditional Formatting цэстэй холбоотой цонхнуудыг хаана. Үүний үр дүнд бидний мэдээлэл дараах зурагт үзүүлсэн хэлбэртэй байна.

Дараагийн алхамд багахан хэмжээний VBA кодыг энэхүү мэдээлэл байршиж буй sheet-нд бичнэ. Манай жишээний хувьд Sheet1 гэсэн нэртэй sheet-нд энэхүү тодруулагч загварыг хийж байна. Иймээс sheet-ний нэр дээр курсорыг байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар View Code коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд Microsoft Visual Basic for Applications цонх нээгдэх ба тус цонхонд дараах VBA кодыг бичиж оруулна.

Private Sub worksheet_selectionchange(ByVal target As Range)
   target.Calculate
End Sub

Ингээд л болоо. Одоо Microsoft Visual Basic for Applications цонхыг хааж,  sheet дээрх мэдээллийн дурын нэг мэдээлэл дээр курсорыг байршуулахад бидний хийсэн тодруулагч ажиллах болно. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье. 🙂

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд