Өглөөний мэнд залуучуудаа. Та бүхэн сайхан амарцгаасан уу. Нэлээд хэд хоногийн өмнө EXCEL.mn группын нэг гишүүн маань өгөгдсөн огноог хэрхэн хөрвүүлж, байршлыг нь солих талаар асуусан байсан. Яахав огнооны төрлийн мэдээлэл байсан учраас шууд мөрийн дагуу эрэмблэх үйлдлээр асуудлыг шийдчихэж байгаа юм. Тухай үед миний бие хэрэв энэ мэдээлэл эрэмблэгдэх боломжгүй санамсаргүй тоо, эсвэл текстэн төрлийн мэдээлэл байсан бол асуудлыг яаж шийдэх үү гэж бодож байсан юм. Иймээс тэрхүү бодлоо хэрхэн шийдэх тухайгаа өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ танилцуулая.
EXCEL.mn групп дээр тавигдсан асуултыг дараах зурагт үзүүлэв.
Үүссэн асуудал:
Бидэнд дараах зурагт үзүүлсэн мэдээлэл өгөгдсөн байна. Бид A1:J1 мужийн мэдээллийг хөрвүүлж, A5:J5 байршилд байршуулах шаардлагатай болсон. Өгөгдсөн мэдээлэл нь текстэн төрлийн мэдээлэл юм.
Энэ асуудлыг хэрхэн томъёолсон талаар одоо та бүхэндээ танилцуулая.
Асуудлыг шийдвэрлэсэн нь:
Хувилбар 1: Data Sort коммандаар шийдвэрлэсэн нь
Мэдээж бид A1:J1 мужийн мэдээллийг шууд эрэмблэх боломжгүй. Учир нь шууд эрэмбэлсэн нөхцөлд мэдээллийн дэс дараалал нь алдагдана. Иймээс бид туслах чанартай мэдээллийг A2:J2 мужид үүсгэнэ. Туслах чанартай мэдээлэл гэдэг маань A1:J1 мужийн баганын дугаарлалт юм. Үүнийг бид A2 нүдэнд дараах томъёоллоор үүсгэнэ.
=COLUMN()
Дараагийн алхамд A1:J2 мужийг сонгож, Data цэснээс Sort коммандыг өгнө. Үүсэх Sort цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоонуудыг хийж гүйцэтгэнэ.
Ингээд OK коммандыг өгөхөд бидний хүссэн үр дүн A1:J1 мужид үүссэн байх болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.
Зиак ингээд асуудлыг шийдвэрлэлээ.
Хувилбар 2: Томъёо ашиглаж, асуудлыг шийдвэрлэсэн нь
Бид үүссэн асуудлыг Data цэсний Sort коммандаар хялбархан шийдэж чаддаг болсон. Гэхдээ энэхүү асуудал Excel загварчлал хийж байх явцад үүссэн бол Sort коммандаар шийдэх нь тийм ч зөв алхам биш. Учир нь бид загварчлалд энэ асуудал үүссэн тухай бүр Sort комманд ажиллуулна гэвэл бидний загварчлалын ач холбогдол байхгүй болно. Эргээд механик үйлдэл рүү гээ буцсан алхам болно. Иймээс томъёо ашиглаж асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай одоо авч үзье.
Бид томъёололд OFFSET, COUNTA, COLUMNS гэсэн функцүүдийг ашиглана. Юуны өмнө бид A2:J2 мужид үүсгэж байсан дэс дугаарлалтыг буурах эрэмбээр A4:J4 мужид үүсгэе. Үүнд бид дараах томъёоллыг ашиглана.
=COUNTA($A$1:$J$1)-COLUMNS($A$1:A1)
Ингэснээр A4:J4 мужид 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, 0 гэсэн буурсан дугаарлалт үүснэ. Үр дүнг та бүхэн дээрх зурагнаас харж болно. Нэгэнт бид буурсан дугаарлалт үүсгэж чадсан тул OFFSET функцээр дээрх томъёоллыг өргөтгөе.
=OFFSET($A$1,0,COUNTA($A$1:$J$1)-COLUMNS($A$1:A1))
OFFSET функц нь өгөгдсөн координатын дагуу мэдээлэл сонгож авах зориулалт бүхий функц юм. Та бүхэн энэхүү OFFSET функцийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл ФУНКЦ-XL номны 234-р хуудаснаас дэлгэрнгүй мэдээллийг аваарай. Зиак ингээд бидний асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүьсе.
Сэтгэгдэл үлдээх