Зиак амралтын өдрийн мэнд. Тайлан тооцооны үе ирж байгаа болохоор ойрын үед тэдгээртэй холбоотой нийтлэлүүдийг оруулахаар шийдлээ. Та бүхэн тайлан гаргахдаа бүгд л аль нэг банкны Интернэт банк ашигладаг байх. Ялангуяа интернэт банкнаас Excel файл дээрх дансны хуулгыг авч ашигладаг гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Зарим нягтлангуудыг харж байхад интернэт банкны мэдээллээс буруу Excel файлыг авч ашиглаж байгаа тохиолдол ажиглагддаг. Түүнээсээ болоод банкны дансны хуулгаас буруу мэдээлэл гаргах, гар ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг. Иймээс энэ асуудалтай холбоотой нэгэн нийтлэлийг өнөөдөр та бүхэндээ танилцуулая.
Интернэт банкнаас дансны хуулга 2 төрлийн Excel файлаар гардаг. Эхний Excel файл нь тодорхой хэлбэрт оруулж, харагдах байдлыг сайжруулсан Excel файл байдаг. Энэ файлыг тухайн хэрэглэгч зөвхөн хэвлэх зорилгоор ашиглахад тохиромжтой. Тус Excel файлыг дараах зурагт үзүүлэв.
Нягтлангууд маань, эсвэл интернэт банк хэрэглэгч нар маань дээрх Excel файлыг татаж авч, тус файл дээр тооцоолол судалгаа хийх гэж оролдоод байдаг. Гэтэл энэ Excel файл маань тийм зориулалттай Excel файл биш юм. Яахав энэ файл дээр судалгаа шинжилгээ, тооцоолол хийж болно л доо. Гол нь та энэ файл дээр үйлдэл хийхийн тулд заавал урьдчилан мэдээллийг нэг форматанд оруулж, боловсруулах шаардлага гардаг. Энэ нь нэлээдгүй гар ажиллагааг шаардана.
Харин нөгөө нэг Excel файл нь ямар нэгэн хэлбэрт ороогүй, хэвлэх зориулалтгүй, Банкны үндсэн мэдээллийн сангаас татаж авсан Excel файл байдаг. Энэ төрлийн Excel файлыг тухайн хэрэглэгч ямар нэгэн тооцоолол хийх, тайлан гаргах зорилгоор ашигладаг. Тус Excel файлыг дараах зурагт үзүүлэв.
Энэ төрлийн Excel файл бүхий дансны хуулгыг хэрэглэж байгаа нягтлан төдийлөн харагддаггүй. Миний бодлоор энэ Excel файлыг анхлан харахад дансны хуулга байна гэж харагддаггүй болохоор хүмүүс ашигладаггүй байж магадгүй юм. Гэвч энэ бол буруу ойлголт. Энэ Excel файл маань өөрөө ямар нэгэн хэлбэр дизайн, өнгө будагны форматанд ороогүй, Raw data (түүхий мэдээлэл) юм. Энэ мэдээлэл дээр шууд ямар нэгэн боловсрулалт, судалгаа шинжилгээ хийхэд хялбар байдаг. Иймээс та бүхэн тухайн хуулгыг хэвлэх зориулалттай ашиглаагүй л бол энэ төрлийн формат бүхий дансны хуулгыг сонгож байгаарай.
Одоо дансны хуулга бүхий Excel файлыг интернэт банкнаас хэрхэн татаж авах тухай бичие. Хаанбанкны хувьд та нэвтрэх нууц үгээрээ орж, тухайн нэг дансны хуулгаа гаргасны дараагаар хуулганы баруун дээд хэсэгт дараах зурагт үзүүлсэн Excel программын логонууд харагдана.
Та дээрх зурагт үзүүлсний дагуу өөрийн хүссэн форматаар дансны хуулгаа Excel файлаар татаж аваарай. Зиак ингээд та бүхэнд амжилт хүсье. Энэхүү нийтлэл маань та бүхний тайлан гаргах ажилд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Дараагийнхаа нийтлэлээр интернэт банкнаас авсан Excel файл бүхий дансны хуулганаас гүйлгээ журнал хэрхэн бэлтгэх талаар та бүхэндээ нийтлэл бичих болно.
Сэтгэгдэл үлдээх
Баярлалаа. Яг хэрэгтэй мэдээлэл байлаа шүү