Та бүхэнд амралтын өдрийн өглөөний мэндийг хүргье. Хэдийгээр амралтын өдөр боловч рефлексээрээ ёсоороо өглөө 8 цагт сэрчихлээ. Өнөөдөр миний бие гадуур нэлээд ажилтай. Гэхдээ албан бус. Хувийнхаа ажилуудыг амжуулах хэрэгтэй. Албан ажил гэж явсаар байгаад хувийн ажилуудаа овоолчихлоо. Гадуур шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэж, хөл хөдөлгөөн ихтэй байх шиг байна. Миний хувьд арай л эхлээгүй байна. Гэхдээ ирэх долоо хоногоос эхэлнэ байх.
Зиак ингээд өнөөдөр урт удаан настай ЗЕБРА, ЗЕБРА, ЗЕБРА гэсэн нийтлэлээ дуусгая. Бид өмнөх нийтлэлүүдээр зебра хүснэгт хэрхэн хийх талаар 2 аргачлалыг авч үзсэн билээ. Харин өнөөдрийнхөө нийтлэлээр зебра хүснэгтийг хэрхэн динамикжуулах талаар авч үзье. Зебра хүснэгтийг динамикжуулах асуудал зөвхөн Conditional Formatting ашигласан техникийн хувьд л яригдана. Table ашигласан технкийн хувьд энэ асуудал яригдахгүй. Учир нь Table хэрэгсэл маань өөрөө автоматаар хүснэгтийг зебра төлөвт оруулдаг. [socialring]
Эхлээд асуудлаа танилцуулъя. Бидэнд дараах мэдээлэл өгөгдсөн байна.
Дээрх мэдээллийг Conditional Formatting ашиглах замаар зебра хүснэгт болгоё. Энэ техникийн талаар та бүхэн Зебра, зебра, зебра [2-3] гэсэн нийтлэлээс уншаарай.
За одоо үүсгэсэн зебра хүснэгтийн доод талд шинээр мэдээлэл оруулъя.
Энэ тохиолдолд шинэээр нэмэгдсэн 4 мэдээлэл зебра хүснэгтэнд ороогүй байна. Тэгэхээр яагаад ороогүй байна бэ гэсэн асуулт гарч байна. Яагаад гэвэл бид анх A1:E21 мужийг сонгож, Conditional Formatting ашиглаж зебра хүснэгт хийсэн. Иймээс анхны муж сонголтонд хамрагдаагүй мужууд зебра хүснэгтэнд орохгүй гэсэн үг.
Бидний өнөөдрийн нийтлэлийн гол зорилого бол шинээр нэмэгдсэн мэдээллийг автоматаар зебра хүснэгтэнд оруулах явдал юм. Өөрөөр хэлбэл шинээр мэдээлэл нэмэгдлээ, зебра хүснэгт маань дагаад сунаж явах процесс. Үүнийг би динамик зебра хүснэгт гэж нэрлээд байгаа юм.
Тэгвэл та бүхэн “Aнхны муж сонгохдоо хангалттай их хэмжээгээр мужаа сонгочихвол энэ асуудал шийдэгдэх юм биш үү” гэж бодож байгаа байх. Мэдээж боломжтой. Гэхдээ үүнийг дагаад дахиад нэг шинэ асуудал үүснэ. За энэ асуудлыг сонирхоё. Зебра хүснэгтийг динамик болгох зорилгоор хангалттай их хэмжээний мужийг сонгож, Conditional Formatting ашиглах замаар зебра хүснэгт хийцгээе.
Миний хувьд A1:E1000 гэсэн мужийг сонгож, зебера хүснэгт хийсэн. Энэ тохиолдолд дараах үр дүн гарч ирсэн. Үр дүнгээс нь цочих вий дээ 🙂 🙂 🙂 .
Дээрх зурагнаас харахад ашиглаагүй мужууд зебра хэлбэрээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ процесс доошоогоо 1000 мөр үргэлжилсэн. Тэгэхээр та бүхэн энэ үр дүнг тийм ч таатай хүлээж авахгүй нь мэдээж. Надад мэдээлэл орсон муж л зебра хүснэгтэнд орсон байх хэрэгтэй болохоос биш мэдээлэл оруулах боломжтой муж тэр аяараа зебра болсон байх шаардлагагүй юм.
Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх бэ? Асуудлын гарц маш энгийн. Бид нөгөө л Conditional Formatting хэрэгсэлээ л ашиглана. Өөрөөр хэлбэл тухайн мөрөнд мэдээлэл орсон эсэхийг шалгадаг нэмэлт томьёоллыг Conditional Formatting хэрэгсэлд оруулж өгнө.
Хэрхэн яаж гэдгийг одоо тайлбарлая.
Юуны өмнө бид A1:E1000 мужийг сонгоно. Үүний дараагаар Зебра, зебра, зебра [2-3] техникийн дагуу зебра хүснэгт хийх процессийг хийж эхэлнэ. Гэхдээ өмнө нь ашигласан:
=MOD(ROW(),2)=0
Томьёоны оронд дараах томьёог бичиж оруулна.
=AND($A1<>””,MOD(ROW(),2)=0)
Ингээд бусад бүх процесс нь Зебра, зебра, зебра [2-3] гэсэн техниктэй яг адил зарчмаар хийгдэж, OK OK өгнө. Ингээд үүссэн цонхнууд хаагдаж, A1:E1000 муж динамик зебра хүснэгтэнд орсон байх болно. Өмнөх нийтлэлээс гол ялгагдах гол ялгаа нь анхны муж сонголт, мөн бичиж буй томьёолол юм. Бусад бүх процедур адилхан гэдгийг дахин хэлье.
Зиак ингээд динамик зебра хүснэгт маань бэлэн боллоо. Та бүхэн туршаад үзээрэй. Зөвхөн мэдээлэл орсон хэсэгт л зебра хүснэгт үүсэх болно.
Энэхүү техникийг энгийн динамик хүснэгт хийхэд өргөн ашигладаг техник юм. Манайхаас зохион байгуулдаг “Санхүүгийн тайлан дахь EXCEL загварчлал” гэсэн семинарт суусан хүмүүс энэ талаар сайн мэдэж байгаа байх. Бид энэхүү техникийг гүйлгээ журналийн мэдээлэл болон үлдэгдэл тэнцлийн мэдээллийг хүснэгтэнд оруулахдаа ашигладаг.
Зиак ингээд ЗЕБРА, ЗЕБРА, ЗЕБРА гэсэн нийтлэл маань дуусч байна. Та бүхний хэн нэгэнд, хэзээ нэгэн цагт энэхүү нийтлэл маань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн шинэ оноо угтаж, сайхан баярлаарай. Та бүхэнд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх
Сайн байна уу? Таны оруулсан хичээлүүдийг үзлээ. Их таалагдлаа. EXCEL мундаг программ юм аа. Хөдөлгөөнтэй график гаргадаг хэсгийг хийх гээд хийж чаддаггүй. Ямар нэг функцын график байгуулагдаж байгааг харах гэсэн юм. Жнь y=x, y=x^2, sinx ч юм уу. Та боломжтой бол хувьсагч нь өөрчлөгдөнгүүт график нь байгуулагдаад явдаг тийм VBA хичээл оруулж тус болооч. Баярлалаа. Таньд өжлын өндөр амжилт хүсье.