Дата хөрвүүлж, Pivot формат дата бэлтгэх техник

Өглөөний мэнд. та бүхэн сайхан амарсан уу. Зиак өнөөдөр цас бороо аль нэг нь орох шинжтэй. Үүлэрхэг өглөө байна. Энэ үед салхи л биш бол бусад нь юу ч орсон яах бэ? Өдий үед орсон цас бороо чийг нь тариачин бидний хувьд шар тос л гэсэн үг 🙂 🙂 🙂 . Удахгүй их ажил эхлэх нь дээ. Бидний хувьд энэ жил тун чиг хариуцлагатай ажиллах шаардлагатай болсон. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ нөхцөлд бид ядаж гурил будаагаа таслахгүй байх үүрэг бидэнд оногдож байгаа, гээд сүртэй сүртэй юм яриад энэ өглөөгөө угтчихая 🙂 🙂 🙂 . Гэхдээ үнэн л дээ. Гурил будаанаас гадна миний бие та бүхнийг Excel мэдлэг боловсролоор таслахгүй байхыг хичээж ажиллах болно. Зиак ингээд гол асуудалдаа орцгооё.

Үүссэн асуудал:

Би саяхан нэг найздаа тусалж, Excel дээр боловсруулсан тайланг нь PivotTable форматанд оруулах шаардлагатай болов. PivotTable формат гэдэг нь дараах хэлбэртэй байна.

Ер нь нэг ийм л формат л даа. Би л PivotTable формат гэж нэрлээд байгаа болохоос биш яг цаанаа мэдээллийн сангийн хэллэг дээр ямар нэртэй байдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ яахав ойлгосноороо л бичие. Надад ирүүлсэн мэдээлэл дараах зурагт үзүүлсэн хэлбэртэй байна.

Энэ хэлбэртэй мэдээллийг шууд гар аргаар PivotTable формат руу хөрвүүлэхэд хэцүү л дээ. Мэдэхгүй хүнд бол биелэгдэшгүй даалгавар. Гэхдээ би нь мэддэг болохоор энэ асуудал ердөө 10 секундын ажил. Та бүхэн ч гэсэн иймэрхүү асуудалтай тулгарч магадгүй гэсэн үүднээс энэ нийтлэлийг сайтар судлаарай.


Асуудлыг шйидвэрлэсэн нь:

Мэдээллийг PivotTable форматанд оруулахын тулд мэдээллийг сонгож, Data цэснээс From Table/Range гэсэн коммандыг өгнө. Үүний үр дүнд Create Table цонх нээгдэх ба тус цонхонд дараах зурагт үзүүлсэн тохиргоог хийж, OK коммандыг өгнө.

Үүний үр дүнд Table1 – Power Query Editor программ нээгдэнэ. Бидэнд өгөгдсөн мэдээлэл дараах зурагт үзүүлсэн хэлбэртэй харагдана.

Юуны өмнө бид өгөгдсөн мэдээллийг хөрвүүлнэ. Өөрөөр хэлбэр дараах зурагт үзүүлсэн хэлбэрт шилжүүлнэ гэсэн үг.

Дээрх зураглалыг жишээ болгох үүднээс энгийн Excel sheet дээр харуулсан болно. Бид энэ хөрвүүлэх үйлдлийг Power Query Editor дээр хийнэ. Хэрхэн яаж хийх талаар дараах зурагт үзүүлэв.

Бидэнд өгөгдсөн мэдээлэл Power Query Editor-д орсон тул одоо Trasnpose хуудаснаас Transpose коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд өгөгдсөн мэдээлэл бидний хүссэн хэлбэрт орсон байна. Бид яагаад хөрвүүлж байна бэ гэвэл Машин № талбарыг Repeat буюу давталт хийж, доош нь цувуулах учраас Машин № талбарыг мэдээллийн сангийн зүүн гар талд байршуулж байна. Одоо өгөгдсөн мэдээллийн эхний мөрийг тухайн мэдээллийн сангийн толгойн хэсэг болгоё.

Үүний тулд Transpose хуудаснаас Use First Row as Headers коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Бидний мэдээлэл дээрх зурагт үзүүлсэн хэлбэрт шилжинэ. Одоо PivotTable форматанд оруулах коммандыг өгнө. Үүний тулд Машин № байршиж буй баганын толгойн хэсэг дээр хулганын баруун товчийг дарж, үүсэх цэснээс Unpivot Other Columns коммандыг өгнө.

Энэ нь сонгогдсон багананаас бусад баганын мэдээллийг тухайн машины дугаарт харгалзуулан задлах буюу доош цувуулсан хэлбэрт шилжүүлнэ гэсэн комманд юм. Энэ коммандыг үр дүнд бидний мэдээлэл дараах хэлбэрт шилжсэн байна.

Дээрх мэдээлэл бол бидний хүссэн үр дүн юм. Тухайн машины хэрэглэсэн сэлбэг болгоныг тухайн Машин №-т харгалзуулан доош задалж, мэдээллийн санг зохион байгуулсан байна.  Бид хүссэн үр дүнгээ гаргаж авлаа. Одоо энэхүү мэдээллийг Power Query Editor-оос Excel программ руугаа шилжүүлэе. Үүний тулд Home цэснээс Close @ Load коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Бид үр дүнгээ Excel программ руу шилжүүлчихлээ. Одоо та Excel программ дээрх тухайн мэдээлэл дээр юу ч хийсэн болно. Томъёо ч бичсэн нээлттэй, PivotTable  ашигласан ч нээлттэй. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Зиак ингээд асуудал шийдэгдлээ. Та бүхэн туршаад үзээрэй. Маш чухал техникийн зөвлөмж шүү. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

  1. Сайн байна уу,

    Үнэтэй сайхан зөвөлгөө өгдөгт баярладаг шүү. Надад нэг асуудал байна. Дээрхтэй ижил асуудал тулгараад байгаа юм. хүснэгт нь 7 үндсэн багана тэгээд хойшоо цуварсан 30 өдөр бүхий мэдээлэл байгаа юм. Энийг ашиглахаар size limit нь тулаад байдаг. үүнийг яаж 9 багана мэдээлэл болгох вэ?
    “7 багана+огноо+утга”

Холбоотой нийтлэлүүд