Баярлалаа ХҮМҮҮСЭЭ

Манай веб хуудас үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 4 дэхь жилийнхээ нүүрийг үзэж байгаад би туйлын их баяртай байна. Анх 2010 оны 12 дугаар сарын 11-ны өдөр анхныхаа нийтлэлийг оруулж байсныг миний хувьд сайтар санаж байна. Анхны нийтлэл болоод ч тэр үү яг юу бичих ухаанаа олж өгөхгүй нэг хэсэг их сандарч байж билээ. Харин өнөөдөр эргээд харахад бид нийт 159 нийтлэл бичиж, 7 байгууллага, 4 хувь хүмүүст д зөвлөх үйлчилгээ үзүүлж, 2 удаа 20-30 хүнтэй сургалт зохион байгуулсан байна.

Мөн бид MS Excel программтай холбоотой 3 гарын авлага гаргаж, MS Excel программ дээр суурилагдсан 2 нягтлан бодох бүртгэлийн программ боловсруулсан. Тус 2 программын нэг болох бараа материалын бүртгэлийн EXCELIST программыг та бүхэндээ санал болгосон. Харин нягтлан бодох бүртгэлийн EXCELUS 1.0 программыг бүрэн хийж дууссан ба туршилтын шатандаа явагдаж байна. Одоогийн байдлаар бид EXCELUS 1.0 программ дээр 2 жижиг ААН-ын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж байна.

Хэдийгээр манай веб хуудас үйл ажиллагаагаа эхлээд багахан хугацаа өнгөрсөн хэдий ч бидний зам тийм ч дардан, шулуун байсангүй. Манай веб хуудас 2011 оны 11 сард вирусын довтолгоонд өртөж, бүх мэдээллээ алдсан. Тухайн үед веб хуудасны Backup-г улиралд нэг удаа хийдэг байсан нь миний хувьд маш том алдаа бөгөөд сургамж болсон. Үүний улмаас манай веб хуудасны үйл ажиллагаа 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны 5 дугаар сар хүртлэх хугацаанд саатаж, завсарласан. Мөн 2012 оны 10 дугаар сард манай веб хуудас хакеруудын дайралтанд өртөж блоклуулсан. Аз болоход би өнгөрсөн алдаагаа давтахгүй байх үүднээс 3 хоногт нэг удаа Backup хийдэг байсан нь мэдээлэлээ маш хурдан хугацаанд сэргээж чадсан.

Би энэхүү веб хуудасыг анх нээж байх үедээ энэ веб хуудсанд агуулагдах мэдээлэл үнэхээр хүмүүст хэрэгтэй юу? эсвэл би зүгээр л өөртөө зориулж Excel программын нийтлэл бичих гээд байна уу гэсэн бодол толгойд эргэлддэг байсан. Гэтэл эргэлзээ маань веб хуудас нээгдсэн цагаас хойш ор үндэсгүй арилсан. Надтай адил Excel программ сонирходог маш олон хүн байдаг боловч тэд нарт маань зориулсан Excel программын мэргэжилийн төвшний мэдээлэл дулимаг байгааг би мэдэрсэн.

За ингээд манай веб хуудас болон бидний вэб хуудсанд оруулсан мэдээлэл та бүгдийн маань зэвсэг болж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг чин сэтгэлээсээ Excelmetrics.org-н өмнөөс хүсэн ерөөе.

Өнгөрөгч 2012 онд манай веб хуудасыг дэмжиж, бидэнтэй хамтран ажилласан:

  • Грийт нирун коул ХХК
  • ЭСДЭ ХХК
  • Мони-уул ХХК
  • Хөдөлмөр судалгааны институт
  • Нур-софт ХХК болон бусад хувь хүмүүстээ

баярласан талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн манай веб хуудасны нийтлэлийг уншдаг, Excel программ сонирходог, дэмждэг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжилж чаддаг та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА. Бид та бүгдийн санал, хүсэлт, шүүмжлэл дээр тулгуурлаж нийтлэлээ бэлтгэдэг тул цаашид байнга Excel программтай холбоотой өөрийнхөө санал бодол, хүсэлтийг бидэнд ирүүлж байгаарай. ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ХҮРГЬЕ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Холбоотой нийтлэлүүд