Бараа материалын эхэлж авсныг эхэлж зарлагадах арга /FIFO-First in, First out/

За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд шинэ мэдээлэл оруулж амжсангүй. Иймээс өнөөдөр нягтлан бодох бүртгэлтэй холбоотой онолын талын нэгэн мэдээллийг оруулахаар шийдлээ. Энэхүү мэдээллийг оруулах болсон шалтгаан нь цаанаа нэг жанцантай. Жанцаг гэдэг нь Амбийгийн өвөө нь гэсэн. Хэхэ жоке байлаа. Энэ мэдээллийг оруулах болсон гол шалтгаа нь Excelpedia.org-н зүгээс зохиосон нэгэн Excel программтай холбоотой юм. Хэрэв та бүхэн тус программ дээр ажиллах нөхцөл бүрдвэл онолын талын мэдээллийг урьдчлан авах нь зүйтэй болов уу гэж бодсон юм. Зиа ингээд гол асуудалдаа ороё.

БАРАА МАТЕРИАЛЫН ӨРТӨГ ТООЦОХ FIFO АРГА

Энэ сэдвийн талаар нягтлан бодогчийн мэргэжилтэй хүмүүс сайн мэднэ байх. Өдөр тутмын ажил төрөлдөө энэхүү аргыг байнга ашигладаг гэж бодож байна. Харин нягтлан бодогч биш хүмүүс энэхүү сургалтын материалаас сүрдээд хэрэггүй. Энэхүү FIFO арга нь маш энгийн. За ингээд олон зүйлийг нуршилгүй онолын асуудалдаа орцгооё.

Худалдах зорилгоор олж эзэмшсэн бараа эсвэл борлуулах зориулалт бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах хөрөнгийн зүйлсийг бараа материал (БМ) гэнэ. Бизнесийн мөн чанараас хамааран бараа материал гэж үзэх зүйлсийг тодорхойлдог.

Бараа материалын бүртгэл тооцооны хувьд дараах хоёр асуудал нэн чухал байдаг. Нэгдүгээрт бараа материалыг орлогод авах өртөг тодорхойлох, Хоёрдугаарт бараа материалыг зарлагадах үеийн өртгийг тодорхойлох.

Эхний асуудал буюу бараа материалыг орлогод авах процесс маш энгийн. Өөрөөр хэлбэл тухай бараа материалыг олж бэлтгэхтэй холбоотой бүхий л зардлыг хуримтлуулан бүртгэснээр тухайн бараа материалын орлогод авах өртөг тодорхойлогдоно.

Харин бараа материалыг зарлагадах өртгийг тодорхойлоход нилээд ажиллагаатай. Өөрөөр хэлбэл орлогод авах бараа материалын үнэ цэнэ эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг. Иймээс өөр өөр үнээр барааа материалыг орлогод бүртгэдэг. Харин орлогод авсан бараа материалыг агуулахаас зарлагадах үед өөр өөр өртөг бүхий бараа материалууд агуулахад байдаг учраас яг ямар өртөгтэй бараа материалыг зарлагадаж байгаа талаар шууд мэдэх боломжгүй. Иймээс нягтлангууд дараах гурван аргын аль нийцтэйг нь бараа зарлагадах үйл ажиллагаандаа ашигладаг. Үүнд:

  1. ЭАЭЗ FIFO (first Input first output)-Эхэлж авсныг эхэлж зарлагадах арга
  2. САЭЗ LIFO (Last Input first output)-Сүүлд авсныг эхэлж зарлагадах арга
  3. ДӨА-Дундаж өртгийн арга

ЭАЭЗ арга нь мөнгөний ханш тогтвортой нөхцөлд тохиромтой байдаг бөгөөд энэ нь тухайн хугацаанд хөрөнгийг тухайн үеийн үнээр тусгадгаараа давуу талтай.

САЭЗ аргыг мөнгөний ханш унаж инфляци цаашид үргэлжлэн өсөх хандлагтай үед хэрэглэх нь илүү тохиромжтой

ДӨА ихэвчлэн шатхуун уур ус хий зэрэг байнгын тасралтгүй үйл ажиллагаанд хэрэглэдэг.

Нягтлан бодогч нар ихэвчлэн ЭАЭЗ FIFO (first Input first output)-Эхэлж авсныг эхэлж зарлагадах аргыг түлхүү ашигладаг. Иймээс энэхүү аргыг хэрхэн ашигладаг талаар нэгэн жишээ авч үзье.

 А компани нь бараа материалын өртөг тооцохдоо FIFO аргыг ашигладаг ба 2012 оны 5 сард дараах худалдан авалтуудыг хийсэн. Үүнд:

  • 2012.05.01-нд 100 ширхэг барааг нэгжийг нь 800 төгрөгөөр
  • 2012.05.02-нд 50 ширхэг барааг нэгжийг нь 900 төгрөгөөр
  • 2012.05.08-нд 50 ширхэг барааг нэгжийг нь 1000 төгрөгөөр
  • 2012.05.12-нд 50 ширхэг барааг нэгжийг нь 1200 төгрөгөөр
  • 2012.05.20-нд 50 ширхэг барааг нэгжийг нь 1300 төгрөгөөр

Нийт 300,000 төгрөгийн өртөгтэй 300 ширхэг бараа материалыг худалдаж авсан. Харин 2012.05.21-нд 180 ширхэг бараа худалдан борлуулсан бол дараах асуулгуудад хариулт өгөх шаардлагатай болно. Үүнд:

  1. Борлуулсан 180 бүтээгдэхүүний өртөг хэд бэ?
  2. Бараа материалын эцсийн үлдэгдэл хэд бэ?
  3. Бараа материалын эцсийн үлдэгдлийн задаргааг үнэ тус бүрээр гаргана уу?

Дээрх мэдээллийг ашиглан борлуулсан 180 бүтээгдэхүүний өртөгийг тодорхойлоё.

А компани хамгийн эхэнд 100 ширхэг барааг 800 төгрөгөөр авсан тул борлуулсан 180 бүтээгдэхүүний 100 ширхэг нь 800 төгрөгийн өртөгтэй байна. Ингснээр 800 төгрөгийн өртөгтэй барааг зарлагадаж дууссан.

(100ш х 800төг)=80,000 төгрөг

Одоо борлуулсан 80 ширхэг барааны өртгийг тодорхойлох шаардлагатай болсон. 800 төгрөгийн өрөтгөтэй бараа дууссан тул 2012.05.02-ны өдрийн 900 төгрөгийн өртөгтэй бараанаас 50 ширхэг барааг зарлагадна. Ингэснээр 900 төгрөгийн өртөгтэй барааг зарлагадаж дууссан.

(50ш х 900төг)=45,000 төгрөг

Одоо борлуулсан 30 ширхэг барааны өртгийг тодорхойлох шаардлагатай болсон. 800 төгрөг, 900 төгрөгийн өрөтгөтэй бараанууд дууссан тул 2012.05.08-ны өдрийн 1,000 төгрөгийн өртөгтэй бараанаас 30 ширхэг барааг зарлагадна.

(30ш х 1,000төг)=30,000 төгрөг

Ингээд борлуулсан 180 ширхэг барааны өртөг:

80,000 төгрөг+45,000 төгрөг+30,000 төгрөг=155,000 төгрөг

болж байна.

Одоо бараа материалын эцсийн үлдэгдийг тодорхойлоё.

Бараа материалын эцсийн үлдэгдэл: 300,000 төгрөг – 155,000 төгрөг = 145,000 төгрөг

Одоо бараа материалын эцсийн үлдэгдийг үнэ тус бүрээр задлая.

2012.05.01-нд худалдан авсан барааны үлдэгдэл 0 х 800 төгрөг = 0.0 төгрөг

2012.05.02-нд худалдан авсан барааны үлдэгдэл 0 х 900 төгрөг = 0.0 төгрөг

2012.05.08-нд худалдан авсан барааны үлдэгдэл 20 х 1,000 төгрөг = 20,000 төгрөг

2012.05.12-нд худалдан авсан барааны үлдэгдэл 50 х 1,200 төгрөг = 60,000 төгрөг

2012.05.20-нд худалдан авсан барааны үлдэгдэл 50 х 1,300 төгрөг = 65,000 төгрөг

За ингээд FIFO аргын талаар та бүхэн тодорхой хэмжээний ойлголтыг энэхүү нийтлэлээс авсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нийтлэлийн талаар өшөө дэлгэрнгүй мэдээллийг интернэт ашиглан хангалттай ихээр авч болно. Дараагийн нийтлэд Excelpedia.org-н зохиосон Excelist программыг та бүхэнд танилцуулах болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой нийтлэлүүд