Loan-XL загвар шинэчлэгдлээ

Зиак та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Та бүхэн сайхан шинэлцгээсэн үү. Миний бие Хэнтий аймгаар шинэлж яваад, бүтэн сайны өдөр Улаанбаатарт ирлээ. Энэ жилийн Цагаан сараар нэлээдгүй олон хоног амарлаа. Амралтын өдрүүдэд Loan-XL загвартаа салхи оруулж, зарим нэг шинэчлэлүүдийг хийх талаар өмнөх нийтлэлээрээ та бүхэнд дуулгаж байсан билээ. Амалсан ёсоороор Loan-XL загвартаа шинэчлэл хийж дууссан тул ажлын үр дүнг өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. Та бүхэн энэ загвартай холбоотой асууж, тодруулах зүйл байвал 8888-0946 утсаар надтай холбогдоорой.

Зар сурталчилгаа

Loan-XL загварын тухай

EXCEL.mn сайтын зүгээс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Loan-XL загварыг та бүхэндээ анхлан танилцуулж байсан билээ. Тус Loan-XL загвар нь зээлийн үйл ажиллагааны бүртгэл тооцооллыг хөтлөн явуулах зориулалт бүхий загвар юм. Энэхүү загвар дээр зээл олголт, төлөлтийг бүртгэх, хүүний тооцоолол хийх, зээлийн график зөрчлийг тодорхойлох, зөрчилд ногдох нэмэгдүүлсэн хүү, торгууль, алдангийн тооцооллыг хийх, зээлийн тайлан мэдээ гаргах зэрэг үйлдлүүдийг хийдэг.

Тус загвар маань ашиглалтанд орсон хугацаанаас хойш 1 удаа бүрэн хэмжээний шинэчлэл хийгдсэн. Тодруулбал 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Loan-XL 2.0 загварыг та бүхэндээ дахин танилцуулсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд уг загварт ямар нэгэн шинэчлэлт сайжруулалт хийгдээгүй байсан.


Loan-XL загвараар сонин сайхан юу байна? 

Энэ удаад Loan-XL загварт хэсэгчилсэн шинэчлэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл Loan-XL загварын ажиллах үндсэн зарчим, загвар дизайн нь өмнөх хувилбартайгаа адилхан бөгөөд гол өөрчлөлт нь Loan-XL загварын тайлангийн хэсэгт хийгдсэн.

Excel программын цэсэнд байрлах Loan-XL цэсний нэр Loan XL 3.0 BBSB эсвэл Loan XL 3.0 LOMBA гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн. BBSB гэдэг нь банк бус санхүүгийн байгууллагад зориулагдсан бол LOMBA гэдэг нь аж ахуйн нэгж байгууллагад зориулагдсан хувилбар юм. Өмнөх хувилбар дээр ББСБ болон ААНБ-ын хувилбарууд адил Loan-XL гэсэн нэртэй байдаг байсан бөгөөд энэ нь хоёр төрлийн байгууллагад цэсийг өөр хооронд нь сольж ашиглах эрсдэл өндөр байсан. Иймээс цэсний нэршлийг зайлашгүй өөр хооронд нь ялгаатай байдлаар өөрчлөх шаардлагатай болсон.

Зар сурталчилгаа

Loan-XL цэсэнд орсон дараагийн өөрчлөлт бол тайлан гаргах комманд юм. Өмнөх хувилбарт зээлийн багцын тайлан гаргадаг Report гэсэн нэг комманд Loan Helper хэсэгт байршдаг байсан бол энэ удаагийн шинэчлэлээр 3 төрлийн тайлан гаргадаг 3 комманд нэмэгдсэн ба эдгээр коммандуудыг Loan Report гэсэн нэмэлт хэсгийг үүсгэж байршуулсан. Энэ талаар та бүхэн дээрх Loan XL 3.0 BBSB цэснээс хараарай.


Loan-XL загвараас гарах тайлангийн танилцуулга

Өмнөх хувилбар буюу Loan-XL 2.0 загварт зээлийн багцын мэдээлэл гэсэн нэг л төрлийн тайлан гардаг байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл энэ удаагийн шинэчлэлээр Loan-XL загвар маань 3 төрлийн тайлан гаргадаг болсон.

Зээлийн багцын тайлан

Энэ тайлан нь Loan XL загварт бүртгэгдсэн бүх зээлүүдийн мэдээллийг гаргана. Тодруулбал анх хэдэн төгрөгийн зээл олгосон, түүнээс хэдэн төгрөгийг төлж барагдуулсан, одоо байгаа хүү, алдангийн үлдэгдэл, хугацаа хэтрэлт хэр байгаа зэрэг бүхий л мэдээллийг харуулах зорилготой тайлан юм.

Харилцагчийн мэдээллийг нууцлах зорилгоор зээлдэгчийн нэр талбарын мэдээллийг цагаан өнгөөр будаж, далдалсан болно. Энэхүү тайланг 2 төрлөөр гаргах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ тайланд хаагдсан зээлийг оруулж гаргах, эсвэл оруулахгүйгээр гаргах гэсэн сонголтыг хийж өгсөн. Энэхүү сонголтыг тайлангийн баруун дээд буланд хийж өгнө. Тус тайланг Loan-XL цэснээс Report-1 коммандаар гаргана.

Зээлийн эргэн төлөлтийн прогноз

Энэ тайлан нь зээлдэгчтэй тохирсон хуваарийн дагуу маргааш, эсвэл ирэх долоо хоногт, эсвэл энэ сард хэдий хэмжээний зээл төлөгдөх, ямар зээлдэгч нар зээлээ төлөх, тэдгээртэй ямар утсаар холбоо барих зэрэг мэдээллийг агуулсан тайланг гаргана.

Харилцагчийн мэдээллийг нууцлах зорилгоор зээлдэгчийн нэр талбарын мэдээллийг цагаан өнгөөр будаж, далдалсан болно. Энэ тайланг гаргаж авахын тулд тайлангийн дээд хэсэгт хугацааны интервалыг гараар оруулж, Loan-XL цэснээс Report-2 коммандыг өгнө.

Зөрчилтэй зээлийн тайлан

Энэ тайлан нь зээлдэгчтэй тохирсон хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, хэд хоногийн хугацаа хэтэрсэн, график зөрчилтэй бүх зээлийн жагсаалыг гаргаж ирнэ.

Харилцагчийн мэдээллийг нууцлах зорилгоор зээлдэгчийн нэр талбарын мэдээллийг цагаан өнгөөр будаж, далдалсан болно. Энэ тайланг гаргаж авахын тулд тайлангийн баруун дээд буланд байрлах Үлдэгдэл татах огноо талбарт хэдний өдрийн байдлаар энэ тайланг авахыг хүссэн огноог гараар оруулж өгнө. Ингээд Loan-XL цэснээс Report-3 коммандыг өгсөнөөр энэ тайлан татагдах болно.

За тэгээд Loan-XL загварын талаар илүү их дэлгэрнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. Эсвэл 8888-0946 утсаар бидэнтэй холбогдоорой. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа


Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares