HYPERLINK Функц

Зиак урт удаан хугацаанд уулзсангүй. Залуучууд сар шинэ дээ сайхан шинэлэв үү. Бас амралтын өдрүүдийг ая тухатай өнгөрөөж байна уу. Нийтлэл бичсэнгүй нилээд удаан хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлд 2014.01.12-нд "Өгөгдсөн мэдээллийн байршил тодорхойлох" гэсэн нийтлэл бичсэн байна. Миний хувьд өнгөрсөн 1-р сард нэлээд ажлын ачаалал ихтэй өнгөрлөө. Учир нь гэвэл ажил дээр шалгалт шүүлэг орчихоод элдэв янзын тайлан мэдээлэл гарах ажилд дарагдлаа. Ядаж байхад цагаан сарын бэлтгэл ажил давхардаад чөлөө завгүй л өнгөрлөө. Зав зайгаараа орой үдшийн цагаар ганц нэгэн нийтлэл бичие гэж бодсон ч өөрийн эрхгүй нойр нам унтчих юм. Иймэрхүү байдалтай явж байгаад өнөөдрийг хүрлээ дээ. За тэгээд 2-р сар ч гэсэн ажил ихтэй байх юм шиг байна. Яагаад гэвэл энэ сар жилийн эцсийн тайлан мэдээ гаргах үе. Гэхдээ 1-р сарыг бодвол гайгүй байж магадгүй гэж төсөөлж байна. Хүмүүс ч нилээд хүлээсэн бололтой. Хүлээж гансарсан элдэв янзын мэйл, мессэжүүд зөндөө л ирлээ. Зиак ингээд гол ажилдаа орцгооё доо.

Зар сурталчилгаа

Бид өмнөх нийтлэлээрээ ADDRESS функцийг хэрхэн ашигласан тухай нэгэн нийтлэлийг авч үзсэн. Тус нийтлэлд HYPERLINK функцийг ашиглсаныг та бүхэн санаж байгаа байх. Харин өнөөдөр HYPERLINK функцтэй ажиллах үндсэн зарчмыг та бүхэндээ танилцуулая.

Та бүхэн HYPERLINK гэж сонсож байсан байх. Энэ үгийг гол төлөв интернэт, вебсайттай ажиллаж байх явцад өргөн хэрэглэдэг. Жишээлбэл та доогуураа зураастай, цэнхэр өнгөтэй текстүүдийг мэднэ. Тус текст дээр дарахад өөр нэгэн интернэтийн хуудас руу ордог. Энэ маань л HYPERLINK шүү дээ. HYPERLINK нь дараах байдлаар бидэнд харагддаг. HYPERLINK. Үүнийг интернэт хуудсанд хэрхэн харагддаг талаар дараах зурагт үзүүлэв.

Hyper_1Үүнийг л HYPERLINK гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Тэгвэл HYPERLINK гэсэн нэр томьёо маань EXCEL программ дээр маань ч бас байдаг байх нь. Энэ бол HYPERLINK функц юм. Энэхүү функц нь EXCEL программын стандарт функцүүдийн нэг бөгөөд хайлтын төрлийн функцэд хамаарагддаг. Хэдийгээр энэхүү функц нь өргөн хэрэглэгддэггүй ч EXCEL загварчлалд тун чухал үүрийг гүйцэтгэдэг. Та бүхэн HYPERLINK функцийн хэрэглээний талаарх жишээ ЭНЭ (энэ бас hyperlink) линкээс орж уншаарай.

HYPERLINK функц нь дараах байдлаар бичигдэнэ.

Зар сурталчилгаа

=HYPERLINK(link_location,friendly_name)

link_location: Энд нээх гэж буй файл (excel, word, pdf гэх мэт бүхий л компьютерийн файл), фолдер, интернэт хуудасны хаяг эсвэл сонгох гэж буй хаяг муж зэргийн зам буюу хаягийг оруулна.

friendly_name: Энэ нь тухай гиперлинк ямар зориулалттай линк болох талаар нэмэлт тайлбар хийх хэсэг юм. Өөрөөр хэлбэл энэ талбарт тухайн гиперлинкийн талаар үгээр тодорхойлно гэсэн үг. Энэ талбарт текст, тэмдэгт болон тоон төрлийн утга авна. Ингэснээр цэнхэр өнгөтэй, доогуураа зураастай форматаар тухайн нүдэнд харагдана. Хэрэв энэ талбарыг хоосон орхивол HYPERLINK функцийн link_location хэсэгт заасан зам тухайн нүдэнд харагдах болно.

Нэмэлт тайлбар: Hyperlink агуулсан нүдийг сонгоход нилээд төвөгтэй байдаг. Яагаад гэвэл тухайн Hyperlink агуулсан нүдэн дээр дарахад Hyperlink-д тодорхойлсон зам руу үсэрч, шилждэг. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд тухай нүд дээр удаан дарахад л хангалттай. Удаан дарснаар курсор хэлбэрт болно. Энэ нь тухайн нүдэнд засвар хийх боломжтой болсныг илтгэнэ.

За ингээд HYPERLINK функцийг хэрхэн ашиглах талаар хэд хэдэн жишээг авч үзье.

HYPERLINK-ээр интернэт хуудас нээх

Excel программ дээр Hyperlink функц ашиглах замаар шууд интернэт хуудсанд шилжих боломжтой. Хэрхэн яаж гэдэг талаар одоо тайлбарлая. Бид дараах веб хуудсан шилжих шаардлагатай болсон гэж үзье. Үүнд:

  • Excel.mn
  • Google.com
  • Yahoo.com

Дараах томьёог ашиглах замаар дээрх хуудаснуудад шилжих боломжтой. Үүнд:

A1: =HYPERLINK("http://Excel.mn","Excel.mn")

A3: =HYPERLINK("http://Google.com","Google.com")

A5: =HYPERLINK("http://Yahoo.com","Yahoo.com")

Hyper_7

A1, A3, A5 нүднүүд дээр дарахад дээр дурдсан хаягийг автоматаар нээх болно. Энд нэг зүйлийг анхааруулахад Hyperlink-ийг веб хуудас нээж ашиглахдаа http:// гэсэн тэмдэглэгээг зайлашгүй ашиглах шаардлагатай шүү.

HYPERLINK-ээр файл нээх

Миний Desktop дээр Hyperlink гэсэн фолдер байна. Тус фолдерт гурван файл агуулагдаж байна.

  1. Hyperlink.xls (Excel файл)
  2. Order-16.xls (Excel файл)
  3. Picture.docx (Word 2007 файл)

Hyperlink гэсэн Excel файлыг нээж, дараах зурагт үзүүлсэн томьёог бичие.

Hyper_4

Одоо A1 нүд дээр дарахад Order-16.xls гэсэн файл нээгдэнэ. Мөн A3 нүдэн дээр дарахад Picture.docx гэсэн файл нээгдэнэ. Эндээс дүгнэхэд нэг фолдерт байгаа файлуудыг Hyperlink функцэд шууд файлын нэрийг зааж өгөх замаар нээж болдог байх нь.

За тэгвэл одоо дээрх жишээг өргөтгөе. Компьютерийн хаа нэгтээ хадгалагдсан ямар нэгэн файлыг Excel программ дээр Hyperlink функц ашиглан хэрхэн нээх талаар одоо авч үзье. Жишээнд өмнөх Hyperlink.xls файлыг дахин ашиглана. Hyperlink.xls файл маань Desktop дээрх Hyperlink гэсэн фолдерт агуулагдаж байгаа мартаж болохгүй.

Desktop дээр Excel.mn фолдерт дараах хоёр файл байна. Үүнд:

  1. Logo_mn.png (Зурган файл)
  2. Bal_Gen.xls (Excel файл)

Өөрөөр хэлбэл дээрх хоёр файл Hyperlink.xls файлаас өөр газарт байршиж байна. Иймээс энэхүү хоёр файлыг нээхийн тулд байршилыг тодорхойлох шаардлагатай.

Бидний нээх шаардлагатай хоёр файл дараах зам дээр байршиж байна.

C:\Users\Admin\Desktop\Excel.mn

Hyper_5

Файлын зам тодорхойлогдсоны дараагаар Excel программд Hyperlink функц ашиглаж дараах томьёог A1 болон A3 нүдэнд бичнэ.

A1   =HYPERLINK("C:\Users\Admin\Desktop\Excel.mn\Logo_mn.png","Файл нээх")

A3   =HYPERLINK("C:\Users\Admin\Desktop\Excel.mn\Bal_gen.xls","Файл нээх")

Санамж: Файлын зам тодорхойлох явцад тухайн нээх гэж буй файлын нэр тодорхойлсон замд агуулагддаггүй. Иймээс файлын нэрийг өргөтгөлийн хамт гараар нэмж бичиж өгөх шаардлагатай. Дээрх томьёоны улаанаар бичсэн хэсэг нь бидний гараар нэмж бичсэн файлын нэр болно.

Hyper_6

За одоо A1 болон A3 нүдэн дээр дарахад Logo_mn.png, Bal_Gen.xls файлууд нээгдэх болно. Хамгийн гол нь нэг фолдерт агуулагдаагүй файл нээгдэж байгаагаараа давуу талтай юм.

Та Hyperlink функц ашиглаж дандаа Excel файл нээхгүй нь мэдээж. Өөр ямар ч төрлийн файл нээж болно. Жишээлбэл Word файл, Adobe Reader дээр бичигдсэн файл гэх мэт. Эдгээр бусад төрлийн файлыг нээхийн тулд та файлын нэрний ард өргөтгөлийг нь бичихэд л хангалттай. Нийтлэг ашиглагддаг файлын өргөтгөлийг доор бичив. Үүнд:

  • Doc – Word файл
  • PDF – Adobe Reader Файл
  • xls – Excel 2003 хувилбарийн файл
  • xlsx – Excel 2007-оос дээш хувилбаруудын файл
  • txt – Notepad файл

гэх мэт файлын өргөтгөлүүдийг дурдаж болно. Жишээлбэл та Excelus_1.2.txt гэж бичихэд ийм нэртэй Notepad файл нээгдэх болно.

Муж сонголт, Sheet сонголт

Hyperlink.xls файл дотроо нүд эсвэл муж, worksheet хэрхэн сонгох талаар одоо авч үзье.

Hyperlink.xls файлын Sheet1 хуудсаны A1 нүдэнд нүд эсвэл муж сонгох Hyperlink функц бичие. Өөрөөр хэлбэл A1 нүдэн дээр дарахад тухайн хуудасны F1 нүдийг сонгох Hyperlink юм. Энэхүү Hyperlink-ийг дараах байдлаар бичнэ.

A1 =HYPERLINK("[Hyperlink.xls]F1″,"F1″)

Дээрх томьёог ажиглахад тухайн Hyperlink функц ашиглаж буй Excel файл дээр нүд сонгох Hyperlink хийхийн тулд файлын нэрийг [Hyperlink.xls] гэж бичээд араас нь сонгох гэж буй нүдийг бичиж оруулсан байна.

Hyper_8

За тэгвэл дээрх жишээ нүд сонгох техник байлаа. Одоо тэгвэл муж хэрхэн сонгох бэ гэсэн асуулт гарч байна. Энэ бол маш энгийн. Зүгээр л [Hyperlink.xls] араас сонгох гэж буй мужийг бичиж өгөхөд л хангалттай. Жишээлбэл F1:F10 мужийг сонгох шаардлагатай болсон гэж үзье. Энэ тохиолдолд Hyperlink томьёо дараах байдлаар бичигдэнэ.

=HYPERLINK("[Hyperlink.xls]F1:F10″,"F1:F10″)

Hyper_9

Одоо Hyperlink функц ашиглаж Sheet хооронд хэрхэн шилжих талаар авч үзье. Жишээлбэл Sheet1-ийн A3 нүдэн дээр дарахад Sheet2-ийн A1:A3  мужийг сонгодог Hyperlink томьёог бичие.

A3 =HYPERLINK("[Hyperlink.xls]‘Sheet2’!F1:F10″,"F1:F10″)

Дээрх томьёоноос харахад өмнөх жишээнд ашигласан томьёог өргөтгөөд [Hyperlink.xls] гэсэн томьёоны араас Sheet-ийн нэрийг хашилтанд бичиж оруулсан байна. Энэхүү өргөтгөлийг дээрх томьёонд улаанаар бичиж тэмдэглэсэн болно. Томьёо бичсний дараагаар A3 нүдэн дэхь F1:F10 гэсэн утга дээр дарахад автоматаар Sheet2 хуудсанд шилжиж, тус хуудасны F1:F10 мужийг сонгоно.

Өөр нэгэн хувилбар

Hyperlink ашиглах замаар нүд, муж эсвэл sheet сонгох өөр нэгэн техникийг одоо танилцуулая. Энэ бол # тэмдэглэгээ юм. Hyperlink ашиглаж буй Worksheet дээрээс нүд эсвэл муж сонгох бол # тэмдэглэгээг ашиглаж дараах томьёог бичнэ. Манай жишээнд A1 нүдний утга дээр дарахад B10 нүдийг сонгох Hyperlink томьёолол юм.

=HYPERLINK("#B10″,"B10″)

Хэрэв муж сонгох бол:

=HYPERLINK("#B1:B10″,"B1:B10″)

гэж бичнэ. Дээрх Hyperlink томьёо нь B1:B10 мужийг сонгоно. Энэхүү # тэмдэглэгээ ашиглах арга нь өмнөх аргуудаас илүү хялбар байгаа биз. Яагаад гэвэл бид заавал Hyperlink агуулсан файлын нэрийг бичих шаардлагагүй болж байгаа юм.

Одоо # тэмдэглэгээ ашиглах замаар Worksheet-ийн муж сонгоё. Жишээлбэл Sheet2-ийн A1:A10 мужийг сонгох Hyperlink томьёог Sheet1-ийн A1 нүдэнд бичие.

=HYPERLINK("#‘Sheet2’!A1:A10","E10″)

Өмнөх томьёог Sheet-ийн нэрээр өргөтгөсөн байгаа нь харагдаж байна. Улаанаар бичсэн хэсэг. Sheet-ийн нэрийг оруулахдаа ‘Sheet2’! гэсэн форматтай байгааг та бүхэн анзаараарай. Зиак ингээд Hyperlink-ийн хэрэглээний хувьд товчихондоо нэг иймэрхүү.

Та бүгд эдгээр зөвлөмжүүдийг өөр хооронд нь хослуулан ашиглах нь илүү үр өгөөжтэй байх болно. Жишээлбэл та байршил нь өөр файлыг нээж (Файл нээх техникийн дагуу), холбогдох Sheet-ийн муж, нүд зэргийг (Муж сонгох, Sheet сонгох техникийн дагуу) сонгож болно. Мөн интернэтээс файл татах, татсан файлын sheet, муж сонгох зэрэг үйлдэлүүдийг хийх боломжтой юм шүү.

За тэгээд энэхүү Hyperlink функцийг Excel программын өөр бусад функцүүдтэй хослуулан ашиглабал үр өгөөж нь бүүр ч илүүтэйгээр танд мэдрэгдэх болно. Та бүхэнд амжилт хүсье.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

4 Responses to HYPERLINK Функц

  1. Bataa хэлдэг:

    Хэрвээ тухайн Web хаяг заавал Web site биш server байвал яаж холбохуу Жишээ нь 192.168.1.4 хаяг руу ороё гэвэл яаж томъёо бичих вэ

  2. Сарнай хэлдэг:

    Нээгдэхгїй байгаа эксел файлыг яаж нээх вэ. Нээх гэхээр зїгээр л эксел нь нээгдээд файл нь нээгдэхгїй цэнхэр фон л гарч ирээд байна.

  3. Excel.mn хэлдэг:

    Эхлээд Excel программаа нээж байгаад, дараа нь нээгдэхгүй байгаа файлаа чирэх замаар Excel программд оруулчих. Тэгээд болохгүй бол таны файл эвдэрсэн байна гэсэн үг дээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares