Excel программ дээр хөдөлгөөнт зураг (Анимашн) хийсэн тэмдэглэл

Зиак залуучууд өдрийн гэх үү, өглөөний гэх үү? за ямар нэг өдрийн мэнд хүргэе 🙂 🙂 🙂 . Хэзээ билээ нэг иймэрхүү мэндчилгээ манай УИХ дээр явагдаж байсан шиг санаж байна. Хөл хорио тогтоосныг хэлхүү! зарим өдөр өглөө, өдөр, оройгоо ялгахаа байх юм 🙂 🙂 🙂 . За энэ ч яахав ажил амьдрал явдагаараа л явж байна. Иймээс өнөөдрийнхөө нийтлэлээ эхэлцгээе. Өнөөдөр би та бүхэндээ өчигдөрхөн өөрт тохиолдсон нэгэн Excel асуудлыг хэрхэн шийдсэн тухайгаа бичихээр шийдлээ. Энэ бол хөдөлгөөнт зураг буюу Анимашн-ийг Excel программ дээр хэрхэн хийсэн тухай юм.

Та бүхэн сонссон бол манай EXCEL.mn сайт маань Training.EXCEL.mn гэсэн онлайн сургалтын платформыг нээн ажиллуулж эхлэсэн байгаа билээ. Энэхүү платформтай холбоотой мэдээллийг үндсэн EXCEL.mn сайтын толгойн хэсэг дээр анимашн хэлбэрээр оруулах шаардлагатай болсон юм. Нэг үгээр хэлбэл сурталчилгаа юм даа. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

За тэр анивчиаад байгаа юм юм чинь нөгөө миний хийсэн бүтээл шүү дээ 🙂 🙂 . Гэхдээ үүнийг Excel программ дээр хийсэн. Жоохон болхи болсон байж магадгүй юм. Гэхдээ л EXCEL программ үүссэн асуудлыг маань шийдэж өгсөн шүү. Яг үүнтэй адил төстэй асуудлыг миний бие өмнө нь EXCEL программ дээр баахан код мод бичээд, нэлээд нүсэр аргаар шийдэж байсан. Дахиж элдэв код бичихээс залхуу хүрээд бэлэн юм байдаг болов уу гээд хайтал бас л нэг шинэ программ ашиглаж сурах шаардлага гарч байна. Иймээс энэ асуудлыг EXCEL программ дээр хялбархан шийдэх талаар бодож эхэлсэн. Ингээд та бүхэндээ асуудлыг хэрхэн шийдсэн тухайгаа танилцуулая.

Юуны өмнө Google-ээс Excel программын хоёр төрлийн Лого олох хэрэгтэй. Нэг нь цангаан өнгөөр илэрхийлсэн лого, нөгөө нь ногоон өнгөөр илэрхийлсэн лого. Энэ 2 логоны зургыг доор үзүүлэв.

Энэ хоёр төрлийн логог татаж аваад Excel программд Copy/Paste хийгээд оруулах ёстой. За ингээд энэ хоёр логогоо оруулаад ирсэн бол дараах зурагт үзүүлсэн форматыг бэлтгэнэ. Бид C3 болон C6 нүдэнд 2 төрлөөр ОНЛАЙН СУРГАЛТ гэсэн логог хийнэ. Иймээс C3, C6 нүднүүдэд том хэмжээтэй формат бэлтгэсэн болно.

С баганын өргөнийг 50 гэсэн хэмжээтэй, 3 болон 6-р мөрийг 40 гэсэн хэмжээтэй өгсөн болно. Бүр нарийвчлаад та бүхэнд форматын хэмжээг өглөө шүү. Та бүхэн яг адилхан хийгээрэй. Үүний дараагаар дараах зурагт үзүүлсэн формат бүхий текстийг C3 болон C6 нүдэнд бэлтгэнэ.

Одоо C3 нүдэнд цагаан өнгөтэй лого, C6 нүдэнд ногоон өнгөтэй логог тус тус дараах зурагт үзүүлсний дагуу байршуулна.

Логог байршуулахдаа 2 логоны хэмжээг аль болох адилхан байлгах ёстой. Мөн байршилыг нэг шугамад байршуулах ёстой гэдгийг анхаараарай. За ингээд үндсэн бэлтгэл ажил маань дууслаа. Та бүхний хийж байгаа загвар миний хийж байгаа загвартай адилхан болсон гэдэгт итгэлтэй байна.

Одоо A12 дараах зураг үзүүлсэн форматыг бэлтгэж, 1 гэсэн утгыг оруулна. Мөн Formula цэсний Name Manager=IF($A$12=1,$C$6,$C$3) гэсэн томъёог оруулж, Anima гэж нэрлэе. Энэ талаар дараах зурагт үзүүлэв. Excel программын Name Manager коммандыг хэрхэн ашиглах тухай бид 2014 оны 3 дугаар сардын 24-ний нийтлэлд бичсэн байна. Та бүхэн тус нийтлэлийг олж уншаарай.

Үүний дараагаар C3 нүдэнд курсорыг байршуулж, Copy коммандыг өгч, C12 нүдэнд курсорыг байршуулна.  Ингээд Home цэснээс хамгийн зүүн гар талд байрлах Paste коммандын доод хэсэгт байрлах сум дээр дарж Linked Picture коммандыг өгнө. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Үүний үр дүнд томъёогоор холбогдсон Linked Picture зураг C12 нүдний ойролцоо үүсэх болно. Үр дүнг дэээрх зурагнаас хараарай.

Эцэст нь Linked Picture дээр курсорыг байршуулж идэвхжүүлэх ба уг зураг нь C3 нүдтэй томъёогоор холбогдсон тул Formula Bar дээр =$C$3 гэсэн томъёо харагдах болно. Тус томъёог =Anima болгож өөрчлөнө.

За ингээд бидний хөдөлгөөнт зураг маань ажиллахад бэлэн боллоо. Одоо та A12 нүдэнд 1 эсвэл 2 гэсэн утгыг оруулахад Linked Picture маань дагаж өөрчлөгдөх болно. Өөрөөр хэлбэл бид A12 нүднээс механик аргаар хөдөлгөөнт зургийг удирдаж байна гэсэн үг юм. Эцсийн үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Хэрэв үүнийг автомат болгоё гэвэл бид энэ загвартаа нэмэлтээр VBA код бичих шаардлагатай болно. Гэхдээ би энэ загварт VBA код бичихээс залхуураад шууд механик ажиллагаатай болгосон.   Ингээд л загвараа механикаар ажиллуулж, хөдөлгөөнийг бичиж авах замаар хөдөлгөөнт GIF зургийг үүсгэсэн болно. Аан тийм. Нэг зүйлийг сануулахаа мартсан байна. Та бүхэн загварынхаа харагдах байдлыг сайжруулахыг хүсвэл Excel программын стандарт хүснэгтийг арилгаж болно. Excel программын View цэснээс Gridline сонголтыг идэвхгүй болгоход стандарт хүснэгт арилах болно. Та бүхэн туршаад үзээрэй амжилт хүсье.

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.