Сүүлчийн баганын үсгэн утгыг тодорхойлох нь

Зиак оройн мэнд залуучууд. Та бүхэн сайхан хаваржиж байна уу?. Ажил алба, амьдрал ахуй нь сайн биз дээ. Хэдийгээр өвчин зовлон, хорио цээр, дэглэмтэй байгаа ч муугийн ёс биш Монголын ёс учраас ингэж мэндлэх нь зүйтэй байх. Миний бие ойрд хэд хэдэн загвар дээр ажиллааад жоохон зав зай муутай байлаа. Өнөөдрөөс эхлээд нийтлэлүүдээ бичиж эхлэе. Өнөөдрийнхөө нийтлэлээр та бүхэнд Excel загварчлал хийж байх явцад тулгарсан нэгэн асуудлыг хэрхэн шийдсэн тухай бичихээр шийдлээ. Ер нь цаашидын нийтлэлүүд ч гэсэн тулгарч байсан асуудлыг хэрхэн шийдэж байсан тухай нийтлэлүүд оруулах болно. Завсар зайгаар нь та бүхнээс ирсэн зарим нэг сонирхол татсан асуултын хариултыг нийтлэл болгон оруулж байх болно. Зиак гол асуудалдаа орцгооё.

Үүссэн асуудал:

Надад C3:G3 мужид мэдээлэл өгөгдсөн байна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Надад өгөгдсөн мэдээллийн хамгийн сүүлийн утгын баганын үсгийг A3 нүдэнд гаргах хэрэгцээ шаардлага гарсан. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Тодруулбал өгөгдсөн мэдээлэл C3:G3 мужид байршиж байгаа бөгөөд хамгийн сүүлийн утга G багананд байршиж байна. Иймээс бидний хүссэн үр дүн бол A3 нүдэнд G гэсэн үсгийг тодорхойлох ёстой. ОЙЛГОМЖТОЙ ЮУ? 🙂 🙂 🙂 .

Тэгвэл одоо дээрх асуудлыг хэрхэн шийдэх тухай авч үзье.

Асуудлыг шийдвэрлэсэн нь:

Нэн тэргүүнд өгөгдсөн мэдээллийн сүүлийн утга хэддүгээр багана дээр байршиж байгааг олох хэрэгтэй. Үүнийг бид COUNTA функцээр олно. Өөрөөр хэлбэл F гэсэн утга 7 дугаар багана дээр байршиж байна. Иймээс A3 гэсэн утгыг COUNTA функц ашиглан олоё. A3 нүдэнд дараах томъёог бичиж оруулна.

=COUNTA(C3:AA3)

Энэ томъёонд динамик хэв шинжийг оруулах үүднээс сонгосон мужийг хангалттай их буюу C3:AA3 муж хүртэл сонгож авсан болно. Тус томъёон үр дүн 5 гэж гарах бөгөөд тооллогод ороогүй эхний A, B гэсэн хоёр баганын тоог нэмсэнээр үр дүн 7 гэж гарна.

=COUNTA(C3:AA3)+2

Одоо ADDRESS функцийг ашиглаж ашиглаж, 3-р мөр, 7 дугаар багана дээр байршиж буй нүдийг хаягыг Relative (A3, G5 гэх мэт) хэлбэрээр тодорхойлоё. 3-р мөр гэдэг нь бидэнд өгөгдсөн мэдээлэл 3-р мөрөн дээр байгаа учраас мөрийн тоо хөдөлгөөнгүй тогтмол байна.

=ADDRESS(3,COUNTA(C3:AA3)+2,4)

A3 нүдний үр дүн G3 гэж гарна. Одоо өгөгдсөн мэдээллийг сунгаж, өргөтгөе. Өөрөөр хэлбэл H3, I3, … гэх мэтчилэнгээр харгалзах нүднүүдэд утга оруулж, сүүлийн утгын байршлыг өөрчлөе.

Бидний бичсэн томъёо зөв ажиллаж байна. Учир нь A3 нүдэнд I3 гэсэн үр дүн гарсан ба сүүлийн утга I багана дээр байршиж байна. Одоо бидэнд нэг л асуудал үлдсэн. Бидний зорилго бол зөвхөн үсгийг гаргах явдал. Гэтэл A3 нүдэнд үсэг болон мөрийн тоотой хамт гарч байна. Жишээлбэл G3, I3 гэх мэт. Бидэнд G, I гэсэн үсэгнүүд л хэрэгтэй. Иймээс A3 нүдэнд гарсан үр дүнгээс үсгийг салгаж авах томъёоллыг бичие.

Бид үсгэн утгыг салгаж авахын тулд SUBSTITUTE гэсэн функцийг ашиглана. Хэрхэн томъёолсон талаар дараах зурагнаас үзээрэй.

=SUBSTITUTE(ADDRESS(3,COUNTA(C3:O3)+2,4),"3″,"")

SUBSTITUTE функц нь сонгосон утыг, зааж өгсөн утгаар солих (Replace хийх) зориулалттай функц юм. Бидний хувьд A3 нүдэнд гарч буй бүх л үр дүн 3 гэсэн утыг агуулж гарч байгаа тул SUBSTITUTE функцээр 3 гэсэн утгыг "" буюу хоосон утгаар солино гэж томъёолсон. Үүний үр дүнд A3 нүдэнд зөвхөн үсгэн утга үлдсэн байгааг та бүхэн харж байна. Ингээд л бидний асуудал шийдэгдлээ. Амархан байна уу. Яг ийм асуудал, эсвэл үүнтэй төстэй асуудалтай та хэзээ нэгэн цагт тулгарч л тараа. Даргийнхаа нийтлэлээр энэ асуудлыг бага зэрэг өргөтгөж, асуудлыг хэрхэн шийдэх тухай авч үзэх болно. Та бүхэн туршаад үзээрэй. Амжилт хүсье.

Бусадтай хуваалцах

Зар сурталчилгаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares