Бараа материалын өртөг тооцох дундаж өртгийн арга

Зиак та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Миний бие өнгөрсөн хэд хоногт бараа материалын өртөг тооцдог дундаж өртгийн арга дээр суурилсан нэгэн Excel загварыг боловсруулсан. Тус загварыг одоохондоо хэрэглээнд шалгаж, туршиж үзэж байна. Загварыг танилцуулахаас өмнө та бүхэнд бараа материалын дундаж өртгийн арга гэж чухам ямар арга байдаг талаар онолын төвшинд нэгэн нийтлэл бичихээр шийдлээ. Энэ аргын талаар манай нягтлангууд бүгдээрээр мэднэ дээ. Гэхдээ яахав онолын мэдлэгийг сэргээх үүднээс энэхүү нийтлэлийг бичье.

Зар сурталчилгаа

Бараа материалын өртөг тооцолт

Компани бараа материалыг орлогод авахдаа өртгөөр нь бүртгэж авдаг. Улмаар компанийн аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд тодорхой хэмжээний бараа материалын нөөцтэй байх үед нь дараагийн худалдан авалтыг хийдэг. Ингэхдээ яг адилхан нэр төрлийн бараа материалыг өмнөхөөсөө өөр үнээр олж бэлтгэдэг. Энэ тохиолдолд бараа материалын зарцуулалтын өртөг гэсэн ойлголт гарч ирнэ. Бараа материалын зарцуулалтын өртөгийг тооцоолохын тулд үндсэн 4 аргыг ашигладаг.

  1. Эхэлж авсныг эхэлж зарлагадах арга (FIFO-first in first out)
  2. Сүүлд авсныг эхэлж зарлагадах арга (LIFO-last in last out)
  3. Дундаж өртгийн арга
  4. Тусгай тэмдэглэгээний арга

Дээр дурдсан 4 аргуудаас бид өмнө нь эхэлж авсныг эхэлж зарлагадах арга буюу FIFO аргын талаар бичиж байсан. Та бүхэн хүсвэл ЭНД дарж тус нийтлэлийг уншаарай.

Бид дээр дурдсан 4 арга бүрийг энэ нийтлэлд хамруулан бичих боломжгүй учраас өнөөдрийнхөө нийтлэлээр дундаж өртгийн аргын талаар та бүхэнд танилцуулах болно.

Дундаж өртгийн аргаар бараа материалын өртгийг тооцохдоо бараа материалын данснаас зарцуулалт хийхээс өмнөх үеийн бараа материалын үлдэгдлийг бараа материалын тоо хэмжээнд харьцуулах замаар нэгжийн өртгийг тооцдог арга юм. Энэ аргыг манай улсад өргөн ашигладаг. Дундаж өртгийн аргыг хэрхэн ашиглах талаар жишээ ашиглан тайлбарлая. Илүү ойлгомжтой байна байх.

Зар сурталчилгаа

ААА компани 2015 оны 7 дугаар сард дараах худалдан авалтуудыг хийсэн гэж үзье. Үүнд:

  • 2015.07.01-ний өдөр 3 ширхэг дэвтэрийг нэгжийн үнийг 1100 төгрөгөөр,
  • 2015.07.04-ний өдөр 5 ширхэг дэвтэрийг нэгжийн үнийг 1050 төгрөгөөр,
  • 2015.07.15-ний өдөр 2 ширхэг дэвтэрийг нэгжийн үнийг 1350 төгрөгөөр,
  • 2015.07.25-ны өдөр 8 ширхэг дэвтэрийг нэгжийн үнийг 1000 төгрөгөөр,

Мөн AAA компани 2015 оны 7 дугаар сард худалдан авсан дэвтэрнээс дараах зарцуулалтыг хийсэн. Үүнд:

  • 2015.07.08-ны өдөр 7 ширхэг дэвтэр,
  • 2015.07.29-ны өдөр 4 ширхэг дэвтэр,

Тэгэхээр дээрх тохиолдолд 2015.07.08-ны өдөр зарлагадсан 7 ширхэг дэвтэрийг бараа материалын данснаас хэдэн төгрөгөөр тооцож, хасах бэ? мөн 2015.07.28-ны өдрийн зарлагадсан 4 ширхэг дэвтэрийг бараа материалын данснаас хэдэн төгрөгөөр тооцож, хасах бэ гэсэн асуулт урган гарч ирнэ.

Яг энэ тохиолдолд бид өртөг тооцох аргачлалуудыг ашиглаж, бараа материалын данснаас зарлагадсан барааны өртгийг тодорхойлдог.

Тухайн ААА компани бараа материалын өртөг тооцохдоо дундаж өртгийн аргыг ашигладаг гэж үзье. Тэгвэл 2015.07.08-ны өдөр зарлагадсан 7 ширхэг дэвтэрийн өртгийг дараах байдлаар тооцоолно.

ACM_2

Дээрх тооцооллын хувьд 2015.07.08-ны өдрийг хүртлэх нийт худалдан авалтын жигнэсэн дундаж үнийг тодорхойлж байна. 2015.07.08-ны өдөр гэдэг маань зарцуулалт хийсэн өдөр. Манай жишээний хувьд 2015.07.08-ны өдрийг хүртэл 2015.07.01, 2015.07.04-ний өдрүүдэд худалдан авалт хийсэн ба тус 2 худалдан авалтын жигнэсэн дундаж өртөг нь 1068.75 төгрөг болж байна.

Энэ 1068.75 төгрөг гэсэн тооцоо маань 2015.07.08-ны өдөр зарлагадсан 7 ширхэг дэвтэрийн өртгийг тооцох нэгжийн үнэ болж өгнө. Үүнийг тооцоолбол 7 ширхэг дэвтэрийн өртөг нь: 1068.75 x 7=7481.25 төгрөг гэж тооцоологдоно. Улмаар бараа материалын дансны үлдэгдэл 2015.07.08-ны өдрийн байдлаар 1068.75 төгрөгийн нэгжийн өртөгтэй 1 ширхэг дэвтэр буюу 1068.75 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2 дахь удаагийн зарцуулалт буюу 2015.07.29-ны өдөр 4 ширхэг дэвтэрийг зарцуулсан. Иймээс энэ 4 ширхэг дэвтэрийн өртөгийг тодорхойлоё.

ACM_3

Тооцооллын хувьд өмнөх зарцуулалтын тооцоололтой адил. Өмнөх үеийн үлдэгдэл дээр 2015.07.29-ны өдрийг хүртлэх хугацааны худалдан авалтыг нэмж, жигнэсэн дундаж үнийг тодорхойлно. Ингээд жигнэсэн дундаж үнийг зарлагадах барааны ширхэгээр үржүүлж өртөгийг тодорхойлно. Манай жишээний хувьд зарлагадсан 4 ширхэг дэвтэрийн өртөг 4279.55 төгрөг болж байна.

Харин бараа материалын дансны үлдэгдэл 7,489.20 төгрөг буюу 1069.89 төгрөгийн нэгжийн үнэтэй, 7 ширхэг дэвтэр байна. Тооцооллыг дараах зурагнаас үзээрэй.

ACM_4

Дундаж өртгийн аргын хувьд ерөнхийдөө энэ зарчмаар бараа материалын өртгийг тооцоолдог. Бидний дээр авч үзсэн кэйс бол маш энгийн жишээ. Бодит байдал дээр бид 200, 300 нэр төрлийн бараатай ажиллах шаардлага гардаг. Энэ тохиолдолд бид гараар бараа материалын өртгийн тооцоолол хийнэ гэж байхгүй. Иймээс зайлашгүй өртөг тооцоолох программ, нягтлан бодох бүртгэлийн цогц программ зэргийг ашиглаж, бараа материалын өртгийн тооцооллыг хийдэг.

Зар сурталчилгаа

Бусадтай хуваалцах

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

shares